НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад манай улс нэгдэн орсноос хойш нийслэлийн эрсдэлийн үнэлгээг гурав дахь удаагаа хийх гэж байна. Уг үнэлгээг 2018, 2022 онд хийж байжээ. Үнэлгээгээр 2022 онд аймгийн төвүүдийн гамшгийг тэсвэрлэх чадавх 63 хувь буюу 2018-2019 оны дүнтэй харьцуулахад 5.8, нийслэлийн хэмжээнд гамшгийг тэсвэрлэх чадавх 52.2 хувь буюу 20182019 оны дүнтэй харьцуулахад 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ. НҮБ-аас уг үнэлгээг гурван жилд нэг удаа хийх зааварчилгаа өгдөг аж. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 3-ны “Гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нөхцөл байдлын мэдээллийг цуглуулах, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, зөвлөмж гаргах ажлын хэсэг байгуулжээ.
Монгол Улсад тохиолдож буй аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2015 оныхтой харьцуулахад бодитой буурахгүй байна. Нэн ялангуяа уур амьсгалын гаралтай аюулт үзэгдэл 2.9 дахин нэмэгдсэнийг өмнөх үнэлгээнд онцолжээ. Ажлын хэсэг үндсэн 10 чиглэлийн дагуу гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийж, нөхцөл байдлын мэдээг цуглуулан, боловсруулж, эрсдэлийг тодорхойлон зөвлөмж гаргах гэнэ. Ташрамд, дэлхийн хэмжээнд жилд тохиолдох гамшгийн тоо 2015 онд 400 орчим байсан бол 2030 он гэхэд 560 болж өсөх хандлагатай байна.
Ч.Туяа