Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хэрэгсэлд бичиж буй. Түүнд холбогдох хэргийн цагдаагийнхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг нь прокурорын хяналтад шилжүүлсэн аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрынхнаас тодруулахад дараах хариултыг өглөө. Тэд “Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас иргэн О.Н-ыг нөхөр Б.Э байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэсэн гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Улмаар энэ сарын 13-нд Б.Э-ийг Эрүүгийн хуулийн 11.7-1, 11.7-2-т заасан “Гэр бүлийнхээ хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, тарчлаасан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган ирүүлсэн юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас түүнийг нь хянаад мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзэн Б.Э-ийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийлгэхээр хэргийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, улс төрд нөлөө бүхий албан тушаалтан учраас уг хэрэгт нийслэлийн Прокурорын газраас давхар хяналт тавьж байгаа аж. Тэгвэл нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас сэтгүүлчид “Б.Эрдэнэсүхэд ёс зүйн ямар хариуцлага тооцох талаар тодруулахад “Нийслэлийн ИТХ-ын хуралд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас сонгогдсон Б.Эрдэнэсүх төлөөлөгчтэй холбоотой мэдээллийг хэвлэлээс авч байна. Нэгдүгээрт, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нь нийслэлийн ЗДТГ-т харьяалагддаг албан тушаалтан биш. Хүний гэм буруугийн асуудал шүүхээр шийдэгдэхээс нааш төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгох асуудал яригдахгүй. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь шүүхээр тогтоогдох юм бол дараагийн хариуцлагын асуудал яригдана” гэсэн хариулт өгсөн байв.