Хөдөлмөрийн баатар зургаа, Ардын багш найм, Гавьяат тамирчин, дасгалжуулагч 100 гаруй, олимпын есөн медалтан “төрүүлсэн” Монгол Улсын Боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургуулийн түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургуулийн захирал, Монголын жюү жицүгийн холбоог үүсгэн байгуулагч, анхны хар бүстэн Одсүрэнгийн Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр жүдо, самбо, кураш, үндэсний бөх, жюү жицүгээр хичээллэн, чамгүй амжилт гаргасан төдийгүй сүүлийн 20 жилийн хугацаанд бэлдсэн шавь нар нь тив, дэлхий, олон улсын тэмцээнд 1000 гаруй медаль хүртжээ.
-Таны амьдрал, карьер Биеийн тамирын сургууль (БТС)-тай салшгүй холбоотой юм. Оюутнаас нь эхлээд багш, тэнхимийн эрхлэгч, захирлаар нь ажиллах ховорхон завшаан тохиожээ. Сургуулийн 70 жилийн ойн босгон дээр та захирлын алба тушаалаа хүлээн авсан. Өндөр хариуцлага, нөр их ажил угтсан болов уу?
-Биеийн тамирын сургуулийн удирдлагын үүрэгт ажлаа Г.Энхсайхан захирлаасаа хүлээн авсан. Сургуулийнхаа Онол арга зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа л хамт олонтойгоо 70 жилийн ойн арга хэмжээгээ төлөвлөн ярилцаж, бэлтгэлээ базаасан тул ажил овоо цэгцэрсэн. Хамт олон маань намайг хүлээн авч, хариуцлагатай албан тушаалд томилсон нь нэр төрийн хэрэг. Би Дорноговь аймгийн Өргөн сумд төрсөн. Тэндээ ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 1998 онд одоогийн МУБИС-ийн БТС-ийн багшийн ангид элссэн. 2005 онд боловсрол судлалын магистрын зэргийг сургуульдаа хамгааллаа. Сургуулиа төгсөөд биеийн тамирын хувийн сургуулиудад багшилж байгаад 2009-2011 оны хооронд жүдо бөхийн оюутны шигшээ баг дасгалжуулсан. Ингээд 2010 оноос төрөлх сургуульдаа багшлах аз завшаан тохиосон юм.
-Анх биеийн тамирын багш бэлтгэх ангийг нэг тэнхим, таван багш, 30 оюутантай байгуулсан юм билээ. Өдгөө багш, оюутны тоо хэд хүрээд байна вэ?
-БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны дөрөвдүгээр сарын 6-ны 287 дугаар тогтоолоор Т.Машлай захиралтай Улсын багшийн институтийн бүрэлдэхүүнд биеийн тамирын багш бэлтгэх ангийг нэг тэнхим, таван багш, 30 оюутантай эхлүүлсэн түүхтэй. Мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ өссөнтэй холбоотойгоор 1963-1964 оны хичээлийн жилд Гавьяат багш Б.Жигмэддорж агсны санаачилгаар Биеийн тамирын дээд сургуулийг анх байгуулсан. Өөрөөр хэлбэл, Улсын багшийн институтийн төгсөгчид, Улсын багшийн дээд сургуулийн Биеийн тамирын ангийг нэгтгэн Биеийн тамирын дээд сургууль болгон өргөтгөжээ. Тухайн үед 30 орчим багш, 300 гаруй оюутантай эхлүүлсэн сургууль маань өнөөдөр өнөр өтгөн болж, гурван тэнхим, захиргаа хүний нөөцийн албатай, 40 гаруй багш, ажилтан, 1000 орчим оюутантай боллоо. Энэ хугацаанд манай сургуулиас Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин олон арваараа “төрсөн” нь бид бүхний бахархал юм. Тодруулбал, “Мюнхен-72” олимпын мөнгөн медальт Х.Баянмөнх, “Монреаль-76” олимпын дэд аварга З.Ойдов, даяар дурсагдах дархан аварга Д.Цэрэнтогтох, “Рио-2016” олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, улсын аварга О.Балжинням, эх орондоо олимпын медалийн салхийг хагалсан Ч.Дамдиншарав нар маань Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Мөн манай сургуулийн төгсөгчдөөс олимпын таван мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэн төрсөн. Спортын үе үеийн алдартнууд бол Биеийн тамирын сургуулийн нэрийн хуудас юм.
-Биеийн тамирын багш бэлтгэдэг цөм сургуулийн хувьд та бүхэн зах зээлийн эрэлтийг бүрэн хангаж чадаж байна уу?
-Биеийн тамирын багш бэлдэж буй улсын ганц сургууль нь манайх. Үүний зэрэгцээ Үндэсний биеийн тамирын дээд сургууль, “Аварга”, “Мон-Алтиус” зэрэг хувийн хэвшлийн дээд сургууль багш бэлдэж байгаа. Манай сургууль өнгөрсөн 70 жилийн хугацаанд 5000 гаруй мэргэжилтэн төгсгөжээ. Биеийн тамирын багшийн эрэлт их байна. Сүүлийн жилүүдэд биеийн тамирын хичээлээс гадуур төрөл бүрийн спортын дугуйлан, секц, арга хэмжээнд хүмүүс олноороо оролцдог болж. Хүүхэд, залуус спортоор хичээллэх сонирхолтой байна. Үүнийг дагаад биеийн тамирын багш, дасгалжуулагчийн эрэлт ихэссэн. Бие бялдрын хөгжилд нийтээрээ анхаардаг болсон энэ цагт спорт, клуб олшрохын хэрээр мэргэжлийн дасгалжуулагч, сургалтын хөтөлбөр нэн чухал болов. Нийгмийн хөгжил, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан спортын төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэх үүрэг, харицлага манай сургуульд оногдож байна. Үүний хүрээнд бид багш, дасгалжуулагчаас гадна спортын сэтгүүлч, спортын аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тухайлбал, энэ хугацаанд Биеийн тамирын сургуулийг 300 гаруй спортын сэтгүүлч төгсжээ.
-Орчин үеийн спортын хөгжлийг дагаад мэргэжилтэн бэлтгэх шаардлага үүсдэг байх. Ер нь хэчнээн төрлийн мэргэжлээр элсэлт авч байна вэ?
-Биеийн тамирын багш, арга зүй, спортын дасгалжуулагч, аялал жуулчлал, сэтгүүлч гэсэн үндсэн ангиас гадна төрөлжсөн чиглэлээр мэргэжилтэн бэлдэж байна. Жишээ нь волейбол, жюү жицүгийн дасгуулагчийн анги хичээллэж байгаа. Спортын холбоодын эрэлт, хэрэгцээнд үндэслэн тухайн спортоор мэргэшсэн дасгалжуулагч бэлддэг.
-Та түрүү Биеийн тамирын сургуулиас олимпын есөн медалтан төрсөн гэлээ. Үнэхээр л алдартнуудын өргөө хэмээн ярьдаг нь ийм учиртай байх нь.
-Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон олимпын зуны наадамд Монгол Улс 13 удаа оролцохдоо нийт 31 медаль хүртсэн түүхтэй. Эдгээрээс таван мөнгө, дөрвөн хүрэл медалийн эзэн нь Биеийн тамирын сургуулийн төгсөгч юм. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг сургууль гэдгээрээ Монголын спортын сор болсон тамирчид төгсөж, улмаар багшилж, залгамж халаа нь үргэлжилсээр байна. Энэ хугацаанд Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяатууд олноороо төрөн гарсан. Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, Ч.Даминшарав, О.Балжинням, Ардын багш Д.Сэрээтэрээс эхлээд олон бий. Гавьяат багш, дасгалжуулагч гэхэд 100 хол даваад байна. Яах аргагүй алдартнуудын өргөө юм. Эх орныхоо нэрийг тив дэлхийд дуурсгасан алдартнуудын залгамж халаа өнөөдөр сургуулийнхаа зааланд хичээллэж байна. Олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагаас эхлээд дэлхийн аварга П.Орхон, Ази тивийн аварга Б.Ганхайч нар манай сургуулийн төгсөгч. Энэ жил гэхэд манай П.Орхон, Б.Ганхайч нар ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Ер нь спортын топ төрлүүдээс медаль авсан тамирчдын олонх нь Биеийн тамирын сургуулийн “бүтээгдэхүүн” байдаг.
-Залуус спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийхийг илүүд үзэж буй ч заал, танхимын хүрэлцээ тааруу. Нийтийн биеийн тамир гээч манай улсад төдийлөн хөгжөөгүй байна. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Боловсролын алтан гурвалжин гэж ярьдаг. Энэ нь академик болон зүрх сэтгэл, бие бялдрын боловсрол юм. Үүнийг төр, засаг бодлогоор дэмжиж, боловсролын бүхий л салбарт орхигдуулахгүй хэрэгжүүлэх үүрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ. Дасгал хөдөлгөөнөөс илүү сайхан зүйлийг хүн төрөлхтөн одоогоор олоогүй. Спортыг дээхэн үед хүмүүс тэмцээн, уралдаан, медаль, тамирчнаар л төсөөлдөг байсан. Гэтэл спорт бол хүн амыг эрүүл чийрэг, бие бялдар өв тэгш, сэтгэл зүйн хадтай байлгахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашлаад олон улсын эв нэгдэл, гадаад харилцааг ч батжуулдаг. Хөгжингүй орнууд хүн амынхаа эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлыг сайжруулахын тулд спортоор хичээллэхийг уриалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, гүйлтийн болон дугуйн зам, хүүхэд багачуудын тоглох спортын талбайг ихээр барьж байгуулж байна. Бие эрүүл бол бусдыг нь бүтээх боломжтой. Монголчууд ч гэсэн хүүхдүүдээ спортоор хичээллүүлэх хандлага нэмэгдсэн. Ялангуяа, 2008 онд Монгол Улс олимпын аваргатай болсноос хойш спорт сонирхдог, хичээллэдэг хүүхэд, залуус эрс нэмэгдсэн гэж үздэг.
Энэ мэт олон талын нөлөөгөөр хүмүүс спортын ач тусыг ойлгож, хичээллэхийг хүсэх болсон ч сургалтын орчин, ялангуяа, нийслэлд ерөнхий боловсролын сургуулиудын заалны хүрэлцээ хангалтгүй байна. Улсын хэмжээнд хүүхдэд зориулсан спортын томоохон цогцолбор, талбай алга. Өвөлдөө багачуудад агаарт гараад гулсах талбай хэрэгтэй. Хүүхдийг багаас нь эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлдэж, заал талбайг нэмж чадвал эрүүл мэндийн салбарынхны ч ачаалал буурах юм. Хүүхдэдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт бол спорт. Гэтэл биеийн тамирын заалгүй ч сургууль ч байна шүү дээ. Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилд нь ингэж хор учруулж болохгүй.
Олон улсад нэг хүнд хоёр ам. метр спортын заал, талбай оногдох ёстой гэж үздэг. 2017 онд БНХАУ нэг хүнд 1.2 ам. метр спортын талбай ногдож буйгаа судалж гаргажээ. Үүнийг хоёр ам.метрт хүргэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Урд хөршид нэг хүнд ногдох биеийн тамирын заал, талбай маш хүрэлцээтэй байдаг. Гэтэл манай улсад тухайн үед нэг хүнд 20 см талбай л оногдож байв. Үүнээс хойш спортоор хичээллэх заал, талбайг нэмж буй ч хүрэлцээ маш муу. Биеийн тамирын мэргэжилтэн бэлтгэдэг манай сургууль ч гэсэн орчин нөхцөлдөө анхаарах цаг болсон. Сургалтын орчныг сайжруулах шаардлага үүссэн. Ядаж л усан бассейн, хөнгөн атлетик, хөл бөмбөгийн талбайтай болох хэрэгтэй байна. Сургалтын орчныг сайжруулснаар өндөр ур чадвартай багш бэлдэж гаргах юм. Одоо ажиллаж буй боловсон хүчний хувьд эрдэмтэн багш олон бий. Багш нарын 60-аад хувь нь докторын зэрэг хамгаалсан. Эрдмийн зэрэгтэй багш нарынхаа тоогоор МУБИС-даа хоёрдугаарт орж байна.
-Та 2007 онд Монголын жюү жицүгийн холбоог үүсгэн байгууснаас хойш улсын хэмжээнд 40 гаруй клубтэй болж өргөжин тэлжээ. Мөн шилдэг менежер, шилдэг клуб, шилдэг холбоогоор шалгарч, Монголын үндэсний олимпийн хорооны “Бөртэ-Чоно” шагналыг гурван удаа хүртсэн. Биеийн тамирын сургуульд ямар менежмент нэвтрүүлж, ажиллах зорилготой байна. Гадаад хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ?
-Бид хоёр хөрш оронтойгоо гадаад харилцаагаа илүү гүнзгийрүүлж байна. БНХАУ, ОХУ бол спортын амжилтаараа тэргүүлдэг. Ялангуяа, урд хөрштэйгөө хамтын ажиллагаагаа улам сайжруулж, Өвөр Монголын сургууль, спортын холбоодуудаар нь дамжуулан гадаад харилцаагаа өргөжүүлж байна. Мөн Москва, Эрхүүгийн салбар сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Түүнчлэн Япон Улстай спортын аялал жуулчлалыг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрөө сайжруулахад хамтран ажилладаг. БНСУ-ын сургуулиудаас нөхөн сэргээх эрүүл мэндийн чиглэлээр туршлага судалж байгаа. Цаашид спортын сэтгэл зүйч бэлдэх төлөвлөгөөтэй байна. Энэ жилээс манай сургуулийн элсэгчдийн тоо нэмэгдсэн. Энэ хичээлийн жилд 400 гаруй оюутан элсүүллээ.
-70 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь өнөөдөр болох олон улсын эрдэм шинжилгээний хурал. Ойн арга хэмжээний талаар товч мэдээлэл өгөхгүй юү?
-Юун түрүүнд төгсөгчидтэйгөө эргэх холбоогоо сайжруулахад анхаарч, энэ жил төгсөгчдийнхөө дунд спортын тэмцээн уралдаан, уулзалт, сургалт зохион байгууллаа. Ойн арга хэмжээний гол үйл ажиллагаа нь олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Хуралд долоон орны эрдэмтэн чуулж, 30 гаруй илтгэл хэлэлцүүлнэ. Мөн спорт өдөрлөг, үзүүлэх тоглолт, үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна. Манай сургуулиас төрсөн үндэсний бөхийн цолтнууд олон бий. Тухайлбал, Дархан аварга Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Азжаргал, Д.Ганхуяг, улсын заан Д.Цэнд-Аюуш, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, энэ жил харцага болсон О.Наранбаатар гээд үндэсний бөхийн цолтны урт цуваа хөвөрнө
Монгол хүн өв уламжлалаа дээдэлж, үндэсний спортоо хүндэлж, эзэмших ёстой гэж боддог. Цаашид сургуульдаа үндэсний спортыг улам дэлгэрүүлж, сургалтын хөтөлбөрөө шинэчлэхээр зорьж байна. Ташрамд, Биеийн тамирын сургуулийнхаа түүхт 70 жилийн ойн баярын мэндийг сургуулийн үе үеийн захирал, эрхэм хүндэт багш, тамирчид, төгсөгчдөдөө хүргэе.