Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг гаргажээ. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон арваннэгдүгээр сарын агаарын хэм, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн тооцоолон гаргасан байна. Зудын урьдчилсан төлөвөөр зудын эрсдэл нийт нутгийн гурван хувьд нэн их, 22 хувьд их, 21 хувьд дунд зэрэг гарчээ.
Энэ талаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээс тодруулахад “Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу салбар дундын ажлын хэсэг арваннэгдүгээр сард зудын үнэлгээг гаргадаг. Орон нутагт арваннэгдүгээр сарын 15 гэхэд бүх хадлан, тэжээлээ нөөцөлж дуусдаг юм. Малчдын гар дээрх хадлан, тэжээл болон аймаг, орон нутаг дахь нөөц ямар байгаа, цаг агаар, цасан бүрхүүлийн төлөв бай¬далд үндэслэн эрсдэлийн үнэлгээг гаргана. Зуншлага тааруу болсон баруун таван аймагт өвөлжилт хүндэрч, зуд болох эрсдэл өндөр байгаа. Энэ өвөл эрт хүйтэрч байна. Ер нь 35-40 хэмийн хүйтэн өдөр 30 ба түүнээс дээш хоногоор үргэлжилбэл мал хорогддог гэж үздэг. Өөрөөр хэлбэл, үүнийг хүйтний зуд гэж нэрлэдэг. Олон жилийн дундажтай харьцуулахад энэ өвөл 1.5-2 хэмийн хүйтэн, цас их унах төлөвтэй байна” гэв.