Монголын түүхнээ мөнхөд дурсагдах олон үйл явдал ХХ зуунд өрнөж, монголчууд эрх чөлөөнийхөө төлөө сэрж боссон, тэмцэж ялсан билээ. БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, одоогоос 80 жилийн тэртээх энэ өдөр улс орон даяар тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал хураалт явуулсан байдаг. Тухайн үед монголчуудын дөнгөж тал хувь нь бичиг үсэг тайлагдсан байсан тул санал хураалтыг гарын үсэг болон баруун гарын эрхий хурууны хээгээр баталгаажуулсан түүхтэй юм. Манай улсын түүхэнд чухал ач холбогдол бүхий энэхүү үйл явдлын талаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Н.Хишигттэй ярилцлаа.
-Манай түүхэн дэх анхны ардчилсан санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-нд болсон байдаг. Энэхүү бүх ард түмний санал хураалт ямар ач холбогдолтой байсан талаар та эхлээд мэдээлэл өгөөч.
-1945 оны аравдугаар сарын 20 бол Монголын ард түмэн улсынхаа тусгаар тогтнолыг батлах санал хураалтад оролцож, эх орон, газар шороо, төр улсынхаа төлөө ямар ч эргэлзээгүй саналаа өгсөн өдөр юм. БНМАУ-д явагдсан Ард нийтийн санал хураалт нь 1911 онд тусгаар тогтнолоо тунхагласан монголчууд үндэсний төр улсаа хөрш орнууд, гадаадын олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хэдэн арван жилийн турш хичээн зүтгэсний үр дүн байсан. Ингэснээр манай орны нэр хүнд өсөн нэмэгдэж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцох шинэ төлөв, боломжийг нээж өгсөн юм. Нөгөө талаас энэхүү санал хураалт нь нийгэм болон ард түмний оюун сэтгэлгээнд олон өөрчлөлт гаргах үндсийг тавьжээ. Тухайлбал, эх орноо дээдэлж, эв нэгдлийг эрхэмлэх үзлийг нийгмийн сэтгэлгээнд бат суулгаж, иргэд эрх чөлөөт байдлаа мэдрэх, нийгэм, төрийн хэрэгт идэвхтэй, шууд оролцож, өөрсдийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөн, хөгжин дэвших, түүний тулд нийтээр сурч боловсроход шамдах учиртайг ойлгож ухамсарлахад чухал нөлөө үзүүлжээ. Ард нийтийн санал хураалт нь үндэсний язгуур эрх ашгийн илрэл, монголчуудын үнэт зүйлс, эв нэгдлийг илтгэсэн түүхэн үйл явдал байсан юм. Монгол Улс түүхэндээ анх удаа санал хураалт явуулахдаа төлөөллийн ардчиллын зарчмыг тууштай баримталж, сонгууль бүх нийтийн байх зарчмыг хэрэгжүүлжээ. Санал хураах ажлыг зохион байгуулах бүх шатны комисс төлөөллийн ардчиллын зарчмаар бай¬гуулагдаж, төр захиргааны албан хаагчид, энгийн ардуудаас бүрдэж байсан нь улс төрийн чухал хэрэгт нийгмийн байдлаас үл хамаарах тэгш оролцоог бий болгосон юм. Үүний үр дүнд нэрийн жагсаалтад бүртгүүлсэн нийт иргэний 98.4 хувь нь санал хураалтад оролцсон, БНМАУын Үндсэн хуулийн 79 (тус улсын иргэд яс үндэс, нас, хүйс ялгаварлахгүйгээр тэгш эрх эдлэх) ба 85 дугаар (үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсан явах нь чөлөөтэй болно) гэсэн зүйл заалтыг хангасан явдал харуулна. Өөрөөр хэлбэл, санал хураалт нь ард иргэдийнхээ эрх чөлөөг бататгахыг зорьсон чухал алхам байсан гэж ойлгож болно.
-Санал хураалтыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг дурдах нь зөв байх.
-Санал хураах ажлыг удирдан зохион байгуулах Төв комиссыг Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд даргалж, орлогч дарга Ч.Сүрэнжав, гишүүн С.Янжмаа, Б.Ширэндэв, С.Лувсан тэргүүтэй төр, цэрэг, нам, ОНБын удирдах ажилтан зэрэг 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тус комисст орсон аймаг, хотын намын хорооны I нарийн бичгийн дарга нарыг аймгуудын комиссын даргаар баталсан байдаг.
Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй эх баримтуудаас үзэхэд, Улаанбаатар хот, аймгууд Төв комиссын шийдвэрийг аравдугаар сарын 5-6-нд хүлээн авч, бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Ингээд аравдугаар сарын 10-наас бэлтгэл ажлууд жигдэрч, бүх шатны комисс байгуулагдан, төр захиргаа, нам, эвлэл болон эмэгтэйчүүдийн байгууллагууд нягт хамтран ажиллаж, иргэд бүхий л ажлыг туслан дэмжиж оролцсон.
Энэхүү санал хураалт нь Монголын ард түмэн улсынхаа тусгаар тогтносон байдлыг батлахын төлөө итгэл үнэмшил, үйл ажиллагаагаараа нэгдэж, хувь нэмрээ оруулсан өргөн олны хөдөлгөөн байсан. Тиймээс үүнийг зохион зохион байгуулж удирдсан, оролцсон мөнхийн гавьяа эрин цаг үеийнх нь төр засгийн удирдагчид, ард иргэдэд оногдоно. 1945 оны Бүх нийтийн санал хураалт нь үр дүн, үнэ цэн, ач холбогдол, үлдээсэн сургамжаараа үндэсний түүхэнд онцгой байр суурь эзлэх, манай улсын иргэн бүр хүндэтгэн дурсаж, бахархан санаж явах учиртай үйл явдал яах аргагүй мөн.
-Бүх нийтийн санал хураалт явуулах болсон гол шалтгаан нь юу вэ. Энэ нь Ялтын гэрээ, Зөвлөлт-Хятадын хэлэлцээртэй хэрхэн холбогдож байсан бол? -1911 онд тусгаар тогтнолоо зарласан монголчууд үндэсний төр улсаа хөрш орнууд, гадаад бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хэдэн арван жилийн турш тэмцэхдээ амаргүй, бас урт зам, сорилт бэрхшээлийг даван туулж, дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд зорилгодоо хүрсэн байдаг. Энэ нь нэг талаас Монголын ард түмний чин хүсэл эрмэлзэл, дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд БНМАУ-ын баримталсан байр суурь, фашизм милитаризмын эсрэг нийтийн тэмцэлд оруулсан хувь нэмэр юм. Нөгөө талаас дэлхийн дайны төгсгөлийн шатанд их гүрнүүдээс Алс Дорнодод явуулах бодлого, зорилгод БНМАУ холбогдсоноор, Британи, ЗХУ-ын тэргүүн нарын Ялтын бага хурлаас Гадаад Монгол (БНМАУ)-ын статус квог хэвээр хадгалахаар шийдвэрлэж, “Алс Дорнодын асуудлын талаар гурван их гүрний хэлэлцээр”-ийн нэгдүгээр зүйлд зааж баталсан юм.
Их гүрнүүдийн Ялтын хурлын уг шийдвэрийг БНМАУ-ын өмнөд хөрш Дундад улс эсэргүүцэж, Москвад 1945 оны зургаадугаар сарын сүүлээр эхэлсэн Зөвлөлт-Хятадын хэлэлцээг удтал сунжруулан маргасны эцэст БНМАУ-д нийтийн санал асуулга явуулж, тусгаар тогтнолыг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн байдаг. Зөвлөлт, Хятадын хэлэлцээ 1945 оны наймдугаар сарын 14-нд өндөрлөж, талууд гэрээ бичгүүдэд гарын үсэг зуран, БНМАУын тусгаар тогтнолын талаар ноот бичгүүд солилцжээ. Үүнд, Хятадын төлөөлөгчдийн тэргүүн Ван Шизе “Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнохыг удаа дараа хүссэн учраас Япон ялагдсаны дараа хэрэв БНМАУ-ын хүн ам тусгаар тогтнох эрмэлзлээ баталбал Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрнө” гэсэн ноотыг ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовт гардуулж, “Зөвлөлт Засгийн газар БНМАУын төрийн тусгаар тогтнол ба нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзнэ” гэсэн ноотыг хүлээн авчээ. Зөвлөлт-Хятадын гэрээ батлагдмагц БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай ноот бичгүүд нэгэн адил хүчинтэй болов. Ингэж БНМАУ тусгаар тогтнолоо бүрэн баталгаажуулахын тулд ард түмнийхээ саналыг авах хэрэгтэй болсон. Хөрш орнуудын улс төрийн бодлогын сөрөг бүхнийг амссан монголчууд төр улсынхаа тусгаар тогтносон байдлыг ямар ч эргэлзээгүйгээр баталсан билээ.
-Эл санал хураалтыг ямар хэлбэрээр авч, нийт хэдэн хүн оролцсон бэ?
-Ардын саналыг ил авсан. Энэ тухай БНМАУын Ерөнхий сайд Чойбалсангаас 1945 оны есдүгээр сарын 13-нд Дундад иргэн улс (ДИУ)-ын Ерөнхийлөгч Чан Кай Шид илгээсэн хариу бичигт анх дурдсан байдаг.
УБХ-ын Тэргүүлэгчдийн 76 дугаар хурал 1945 оны есдүгээр сарын 21-нд болж, БНМАУын тусгаар тогтнолын талаарх асуудлаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай тогтоол гаргаж, бэлтгэл ажлыг аравдугаар сарын 10-наас хангаж эхэлсэн. Ингээд “Тус улсын бүх нутаг дэвсгэрт санал гаргуулах ажлыг аравдугаар сарын 20-нд нэгэн зэрэг явуулж, ухаан солиотой ба шүүхээр эрхээ хасуулснаас бусад 18 нас хүрсэн бүх иргэнийг оролцуулах, нэрийн жагсаалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар үйлдэх бөгөөд уг ажлыг бүрэн сайн дурын үндсэн дээр гүйцэтгэх ба ард иргэдийг ямар нэгэн журмаар хавчиж шахсан явдлыг Үндсэн хуулийг зөрчсөнд тооцож, хуулийн ёсоор хатуу шийтгэл хүлээлгэх” гэж заасан.
БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар явуулсан Ард нийтийн санал хураалтын нэрийн жагсаалтад Монгол Улсын харьяат, сонгуулийн эрх бүхий 494 960 хүн бүртгүүлсэн бай¬даг. Үүнээс 487 409 нь оролцож, улсынхаа тусгаар тогтносон байдлыг 100 хувь баталсан юм. Аян замд явсан, хүнд өвчтэй зэрэг онцын шалтгаанаар 7551 хүн санал хураалтад оролцож чадаагүй” гэх эцсийн дүнг Санал хураах төв комиссоос тогтоож, УБХ-ын тэргүүлэгчдийн 1945 оны арваннэгдүгээр сарын 12-ны тогтоолоор батлан, албан ёсны баримт болгон ДИУ, ЗХУ-ын Засгийн газарт тус тус илгээсэн.
-Ард нийтийн санал хураалтын талаар ухуулах хуудас тарааж, олон нийтэд маш сайн сурталчилсан байдаг юм билээ.
-Өөрсдийгөө Тусгаар тогтносон Монгол Улсын иргэд хэмээн ямар ч эргэлзээгүй үзсээр ирсэн ард түмэнд санал хураалт явуулах болсон шалтгааныг зөвөөр ойлгуулж, өргөн уудам нутагт тархан суусан хүн амынхаа саналыг бүрэн авахад, тэр тусмаа улс төрийн том кампанит ажлыг анх удаа явуулж буй нөхцөлд нэгдсэн зохион байгуулалт, ухуулга таниулгын ажил хийх зайлшгүй шаардлагатай байж. Харин ухуулга таниулгын ажлын хүчтэй зэвсэг нь уриалга, ухуулах хуудас байв. Сонирхуулж хэлэхэд, тэдгээрийг бүтээх ажилд зурагт хуудасны зураач П.Балдандорж, Д.Дамдинсүрэн нарыг татан оролцуулж, Сайд нарын зөвлөлийн нөөц хөрөнгөөс зардлыг нь гарган, улсын хэвлэлийн газарт өнгөт болон хар, цагаанаар тус бүр 10 мянган хувь хэвлэж түгээсэн тухай баримт бий.
Улс даяар, бүх албан байгууллага, үйлдвэр уурхай, зам зангилаа газрууд, айл өрхийн үүд хаалганд ч хүртэл ухуулах хуудас хадсан байдаг. Нийтэд түгээсэн ухуулах болон зурагт хуудаснууд нь улс орны хөгжил дэвшил нь тусгаар тогтнолын ач тус болохыг ард түмэнд таниулах, эх орноороо бахархах үзлийг хөгжөөн, төрийнхөө тусгаар тогтнолыг нийтээрээ бататгаж, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлж, үүргээ биелүүлэхийг уриалсан гүнзгий утга бүхий байв.
-Санал хураалтад иргэд маш идэвхтэй оролцсон. Санал хураах байруудад энэ өдрийн өглөө хүмүүс эртлэн ирээд дугаарлаад зогсчихсон байсан гэдэг дээ.
-Тийм ээ, манай ард түмэн улсынхаа тусгаар тогтнолыг батлах асуудлыг маш сайн ойлгож, нэрийн жагсаалтад бичигдсэн хүн бүр энэ өдрийг тэсэн ядан хүлээж, урьд өдөр нь санал хураах хэсгүүддээ ойртон бууж, ихэд хүндэтгэлтэйгээр хандсан нь түүхийн эх баримтад бичигдэж, гэрэл зурагт үлджээ.
Бүх нийтийн санал хураалт өглөөний 06.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлсэн. Улсынхаа далбааг мандуулан, “Төрийн тусгаар тогтнолоо ард түмэн нийтээрээ баталгаажуулъя!” зэрэг уриагаар чимэглэсэн санал хураах байруудад иргэд эртлэн ирж, маш идэвхтэй оролцсон байдаг. Баг, сумуудад өдрийн 12.00-14.00, ихэнх аймагт 17.00-18.00 цагт санал хураах ажил бараг дууссан гэдэг.
Санал хураалт хэрхэн өрнөж буй талаар УБХ-ын тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай санал гаргуулах ажлыг эрхэлсэн Төв комиссын дарга Г.Бумцэнд радиогоор “...манай уудам эх орны өнцөг булан бүрд малчин ард, ажилчин албан хаагчид бүгдээрээ үндэс угсаа, эрэгтэй эмэгтэй, лам, хар ялгалгүй сонгуулийн эрхтэй хүн бүхэн БНМАУынхаа төрийн тусгаар тогтнолын төлөө нийтээр саналаа өгч шавдаж байна. Энэ өдөр Монголын ард түмэн дэлхий дахины ардчилсан улсуудын дотор өөрийн зохих суурийг нэр төртэйгөөр эзлэх нь дамжиггүй юм гэдгийг илтгэнэ” гэсэн нь хүн бүрийн сэтгэлд хүрч, бахархал төрүүлэм үгийг хэлж, сонин хэвлэлд манай түүхийн нэгэн шинэ үе эхэлж байна хэмээн бичиж байв.
Аравдугаар сарын 20-ны өдөр хүн бүр хөөр баяраар дүүрэн байж, түүхэн үйл явдлыг мөнхлөн үлдээх дурсгал үлдээж байв. Тухайлбал, Баянхонгор аймгийн төвд засмал чулуун таван хошуу суурьтай, 10 метрийн өндөр “Тусгаар тогтнолын багана”, Булганы Сэлэнгэ сумын ардууд чулуугаар босгосон хөшөөн дээрээ “Манай улсын төрийн тусгаар тогтнол дэлхий дахинаа үүрд мандтугай” хэмээн бичиж жил бүрийн аравдугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар тогтсон юм. Төрт ёсоо дээдлэгч монголчууд дор бүрнээ хичээн зүтгэсэн нь тухайн цагийн дүр төрх байж, санал хураалтын амжилтыг тодорхойлжээ.

“Би эрх чөлөөтэй байхыг хүсдэг учир өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гар өргөж байна. Чи бас гар өргөх ёстой”
Г.Цэцэгсүрэн