Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад буй. 2016 оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан тус хуульд өнөөг хүртэл нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Түүнчлэн уг хуулийн нэр томьёоны тодорхойлолт давхардсан утгатай, хүрээ, жагсаалтаас гадуурх аливаа мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаатуулах боломж бүхий хэт өргөн хүрээний зохицуулалттай зэрэг маргаан цөөнгүй бий. Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтийн онцлог, ач холбогдол, үр нөлөө, түүнийг тойрсон асуудлаар “Глоб интернэшнл” төвийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Уг хуульд төрийн болон албаны нууцыг ялгаатай томьёолсон. ЗГХЭГ-аас боловсруулсан төслийн цөм агуулга нь “албаны нууц” гэгчийг хасахад төвлөрснөөс гадна үр нөлөөг тооцсон судалгаандаа төрийн нууцын тухай хууль, тогтоомжоор албаны нууцтай холбоотой харилцааг зохицуулж буй өнөөгийн практикийг эргэн харах шаардлагатайг онцолсон байна лээ.
-Аливаа үндэстэн бүр төрийн нууцтай байх нь зүйн хэрэг. НҮБ-д бүртгэлтэй 193 улс дундаас “албаны нууц” гэх томьёололтой, түүнийгээ төрийн нууцад хамаатуулж, адилтган хуульчилсан орон манайхаас өөр байхгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө тус хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэр бүхий иргэд үзэж, Цэцэд хандсан. Харин Цэц дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм. Эргэн санавал, 1995 онд анх Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг баталж, 2004 онд шинэчлэн найруулсан. Харин 2016 онд үүнийг Төрийн болон албаны нууцын тухай болгосныг өнөөг хүртэл мөрдөж байна. Есөн жилийн дараа ийнхүү өөрчлөлт оруулж байгаа нь сайшаалтай хэрэг. Дэлхийд байхгүй жишгээ халж, хүний эрх зөрчигдөх нөхцөл үүсгэснээ зайлшгүй эргэн харах шаардлагатай. Үндсэн хуульд заасанчлан иргэд төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалвал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Түүнчлэн аливаа мэдээллийг хуульд заасан үндэслэлээр нууцална. Гэтэл бодит байдалд энэ нь хэрэгждэггүй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Төрийн болон албаны нууцын, Байгууллагын нууцын тухай хэмээх тусдаа, бие даасан гурван хууль бий. Харамсалтай нь, төрийн байгууллагын дарга өөрийн үзэмж, дур зоргоороо албаны нууцыг тогтоодог жишиг өнөө үед нэгэнт тогтсон. Тэгэхээр хуульд заасан үндэслэл, шаардлагын дагуу нууцалсан уу гэх асуулт ургах нь зөв биз. Ийм л хандлага хүний үндсэн эрх, олон улсын гэрээ, конвенцыг зөрчиж байна. 2019 оноос хойш Үндсэн хуулийн цэцэд энэ төрлийн хэд хэдэн мэдээлэл ирж, дүгнэлт гаргасан. “Үндсэн хууль зөрчөөгүй байна. Харин УИХ хууль батлах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд эрх зүйн орчноо засаж, сайжруулаарай” л гэдэг дээ.
-Төрийн болон албаны нууцын тухай хууль хэрэгжиж эхлэх хүртэл төрийн нууц мэдээллийг зөвхөн хуулиар баталдаг байв. Харин одоо Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд мэдээллийг нууцад хамааруулах, түүнд зэрэглэл тогтоох боломжтой болсон. Энэ онд ТЕГ-аас 59 төрийн байгууллагын нийт 882 албаны нууцыг хянан шалгахад 69 хувь нь хуульд заасан шалгуурыг хангасан бол үлдсэн 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрсэн байна. Тэгэхээр төрийн байгууллагын албан тушаалтан дотоод мэдээллээ өөрийн дураар нууцад хамааруулах явдал их буй нь хүний мэдэх, мэдээлэл авах эрхийг зөрчиж байгааг та дурдлаа. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг үнэлдэг олон улсын индексүүдэд манай улс сүүлийн үед базаахгүй оноо авдаг болсон нь илт анзаарагддаг шүү дээ.
-“Глоб интернэшнл” төв 2019 онд хуульч, сэтгүүлчдийг оролцуулсан судалгааны баг бүрдүүлж, “Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлаж буй хууль, тогтоомжийн дүн шинжилгээ”-ний тайлан гаргасан. 2004-2017 оны хооронд төрийн нууцад хамаарах мэдээллийн тоо 60 байсан бол үүнээс хоёрхон жилийн дараа 565-д хүрсэн байх жишээтэй. Тэгвэл албаны нууц хэд орчим байгаа талаар прогноз буюу урьдчилсан таамаглал боловсруулахад 2000 хүрэх боломжтой гэсэн дүгнэлт гарч байв. Таны дурдсан тоонд үндэслэвэл гурван мэдээлэл тутмын нэгийг шалт¬гаангүйгээр нууцад авсан гэж үзэж болно. ЗГХЭГаас боловсруулсан өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл энэ асуудлыг засах гэж оролдож буйг бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ үүнээс ч өмнө залруулах боломж байсан юм шүү.
2021 оны арванхоёрдугаар сард батлагдсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар албаны нууцын асуудлыг огт хөндөөгүй. Гэхдээ мэдэх эрхийг хангасан нээлттэй эх сурвалж бүхий, эсвэл нууцлах шаардлага¬тай мэдээлэл бол нэг зоосны хоёр тал. Энэ хуулийн 7.5-д “Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй” гэсэн зарчмын шинжтэй зохицуулалт байдаг юм. Энгийнээр хэлбэл, албаны нууц бол төрийн байгууллагын нууц. Өнөөгийн тоо мэдээллээр Монгол Улсад 4700 гаруй төрийн байгууллага бий. Энэ тоо бүх цаг үед өсөж ирсэн. Ирэх 20 жилд 6000-7000 хүрэх төлөвтэй. Тэгэхээр эдгээр байгууллага дор бүрнээ албаны нууцтай байх боломж бодитоор байна. Төрийн байгууллага бол дугаар хорооны сургууль, цэцэрлэг, төрийн өмчит компаниуд. Задруулах, үрэгдүүлэх тохиолдолд салбарын болон төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулах төрийн хамгаалалтад байх мэдээллийг албаны нууц гэж тодорхойлсон нь хэт ерөнхий заалт.
-Хуулийн төслийг уншсаны дараа зарчмын хувьд зөрчилдөөнтэй зүйл ажиглагдлаа. Зарим заалт дахь “...болон албаны”, “...нууц, албаны” гэснийг хасахаас гадна хэд хэдэн заалтыг хүчингүй болгохоор тусгажээ. Ингэснээр “албаны нууц” гэх агуулгыг хуульд үгүй болно гэж үзэж буй. Түүнчлэн хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн “Энэ өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангана” гэнэ лээ. Гэхдээ хуулийн 15.4-т “Байгууллага, албан тушаалтны боловсруулсан, эсхүл хүлээн авсан мэдээлэл нь энэ хуулийн 13.2, 14.1- д заасан жагсаалтад ороогүй боловч нууцлах шаардлагатай тохиолдолд тухайн байгууллага, албан тушаалтан нууцлах арга хэмжээ авч, нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад оруулах саналаа нэн даруй удирдлагадаа танилцуулна” гэсэн нь төрийн нууцын жагсаалтад хамаарахгүй аливаа мэдээллийг нууцад авах боломжтой зохицуулалт гэж харагдахаар байна. Энэ заалтыг анхаарахгүй бол тус өөрчлөлт хэлбэрийн төдий болох юм биш үү?
-Нууцлах шаардлагагүй мэдээллийг нууцлах вий гэсэн үг. Мэдээлэлтэй байх эрхийг хязгаарлахад баримтлах гурван талт шалгуур гэж бий. Тухайн мэдээлэл нь хуульд заасан хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой байх, мэдээллийг ил болгох, өгөх нь хуулиар хамгаалсан ашиг сонирхолд ноцтой хохирол учрахыг хохирлын үнэлгээгээр заавал тогтоосон, учрах ноцтой хохирол нь олон нийтийн мэдээлэлтэй байх ашиг сонирхлоос илүү чухал байх зэрэг шаардлага юм. Хэрэв эдгээр шалгуурыг хангаж байвал мэдээллийг сая нэг нууцалж болно. Гэхдээ үүнийг хуульд тусгаагүй нь асуудал. Мэдээлэл дээд зэргээр нээлттэй байх ёстой. Авлигын төсөөллийн индексээр манай улс тасралтгүй ухарч байна шүү дээ. Үүнд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь шаардлагагүй мэдээллийг нууцалсан явдал.
Өнгөрсөн хугацаанд төрийн нууцтай холбоотой хулгайн асуудал их гарлаа. “Ногоон автобус”-ны, “нүүрсний” гэх хэрэг, ЖДҮ-ийн ху묬гай, Хөгжлийн банк, оффтейк гэрээнүүд бүгд л нууцын цаана өрнөсөн. Аливаа хэргийг улс төрийн зорилгоор ашиглах үед л холбогдох мэдээл¬лүүд ил болж байгаа нь нууц биш.
-Тодруулбал?
-Засгийн газар нууцаас гаргачихдаг. Нууцад авсан мэдээллийг ил болгохтой холбоотой тусгайлсан журмууд бий. Гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн, эсвэл гишүүд эл мэдээллүүдийг нууцаас гаргахдаа улс төрийн санаа, сэдлээр ханддаг. Тэгэхээр Төрийн болон албаны нууцын тухай хууль асар их хийдэл, алдаатай байна. 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталж, тогтолцооны шилжилт хийж чадсан л юм бол хуучин нийгмийн хандлага буюу нууцлах соёлоосоо татгалзах ёстой. Өөрчлөлтийн талаар хөндөж буй нь сайн боловч бүрэн судалгаатай биш байна. Үүний нэг жишээ нь таны хэлсэн 15.4 дэх хэсгийн заалт.
2017 оноос үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” зүйлийг өөрчлөлтөөр оруулсан. 2002 оны хуучин Эрүүгийн хуульд төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байв. Хэрэв миний хогий¬н саванд “нууц” гэх тэмдэгтэй материал санамсаргүй байж таарвал би хариуцлага хүлээх болчхож байгаа юм. Өөр талаас нь тайлбарлавал ийм байна. Энэ дэлхийд, тэр дундаа ямар ч ардчилсан улсад байхгүй жишиг шүү. Бодит байдалд Төрийн болон албаны нууцын журам нь хүртэл нууц байна даа. Зүй нь олон нийтэд ил байх ёстой.
-Энэ бүхнээс үзвэл төрийн нууцын хэрэгжилтэд хяналт тавих гадаад орны систем манай улсад шаардлагатай юм шиг.
-Засгийн газрын харьяалах байгууллага бо¬лох ТЕГ хяналт тавьж байгаа шүү дээ. Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, зэрэглэл тогтоох, өөрчлөх, хугацааг сунгах асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт оруулж буй. Ер нь төрийн болон албаны нууцаа ойлгодог нууц хамгаалах ажилтан гэж байдаг юм уу. Нууцыг хадгалах, хамгаалахтай холбоотой тусгайлсан журмууд ч бий. Төрийн байгууллагын нууц хамгаалах албан хаагчид байгууллагуудаар шалгалт хийгээд үз л дээ. Энгийн бичиг баримт, “нууц” гэх тамгатай материалуудтай холилдчихсон л байгаа.
Албаны нууц байтугай төрийн нууцаа ил тод нийтэлчихсэн тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, батлан хамгаалах салбарын бүх мэдээлэл нууц. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын вэбсайтад “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой мэдээлэл, тэнд ажиллаж буй цэргийн албан хаагчийн тоо, байршил, техник хэрэгсэл, хугацааг бахархалтай нь аргагүй нийтэлсэн байсан шүү дээ. Уг нь энэ бүхэн чинь нууц. Ингэж л бид нууцдаа хөл толгойгүй живчихсэн.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд 67 төрлийн мэдээллийг ил болгохоор заасан. Гэвч эдгээр мэдээллийг нарийвчлан шинжлэхэд ердөө 37 хувь нь л бодитоор ил болгоод буй. Хуулийг баталж, өөрчилж, эсвэл бүр дордуулж ч болно. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал 2004 оны хуулиар нууц ангилалд хамаарч байсан. Гэтэл тухайн үед ГХЯ-наас эрхэлсэн судалгааны материалын арын хуудсанд уг үзэл баримтлал ив ил байсан тохиолдол ч бий. Энэ мэт төрийн нууцын ангилал, мэдээллийн ил тод байдалтай холбоотой олон асуудал байсаар буйг дурдах нь зөв.
-Төрийн нууцын хүрээг тодорхойлох гол шалгуур юу байх ёстой вэ?
-Албаны нууцын хүрээ, хязгаар тодорхойгүй байсаар ирсэн нь олон тохиолдолд дарга өөрийн үзэмжээр нууцлах шалтгаан болжээ. Ганцхан албаны нууцыг өөрчилчихөөр төрийн нууц төгөлдөржөөд, зөв голдиролдоо орохгүй юм. Харин тус хуулийг цогцоор нь өөрчлөх шаардлагатай. Төрийн нууцын томьёолол, хүрээ, хязгаарыг авч үзэх хэрэгтэй байна. Юуг нууцлах, юуг ил болгохыг тодорхой шалгуурын хүрээнд шийдэж, нууцлах эрх мэдлийг Засгийн газрын түвшинд тодорхой болгох хэрэгтэй. Хулгай, луйвар үеийн үед “нууц” гэх нэрийн дор явах юм уу. Энийгээ больё. Төрийн нууцыг нарийвчилсан хуулиар зохицуулж, мэдээллийг дээд зэргээр ил болгох нь хамгийн чухал гэж дахин хэлье. Тодорхой бус хуулийн томьёолол дундуур л хулгай шургалдаг.
1971 онд Пентагонтой холбоотой “Вашингтон пост” сонины маргаан дэлхий дахинд олны анхаарлыг татсан. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх болон төрийн нууцтай холбоотой дэлхийн түүхэнд үлдсэн хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Тухайн үед 1946-1971 оны хооронд АНУ-ын Төрийн департамент Вьетнамын дайнтай холбоотой мэдээллийг нууцалсан. Үүнийг нэг эх сурвалж “Нью-Йорк таймс” болон “Вашингтон пост” сонинд өгч, олон нийтэд ил болгосон юм. Энэ маргаан Дээд шүүхэд хүртэл явсан. Гол асуудал нь Засгийн газар мэдээллийг нууцалсан үндэслэлээ тайлбарлаж чадахгүйд байсан юм. Хэрвээ угмэдээллийг ил гаргавал дипломат харилцаанд сөргөөр нөлөөлнө, хүн амын аюулгүй байдал болон төсөв, санхүүтэй холбоотой хүндрэл үүснэ гэж үзэж байв. Гэвч Засгийн газар үүнийг нотолж чадаагүй. Дээд шүүх олон нийтийн үнэнийг мэдэх эрхийг дээгүүрт тавьж, “Вашингтон пост”-ын талд шийдвэр гаргасан байдаг.
Мэдээллийг улс төрийн зорилгоор нууцаас хэсэгчлэн гаргах нь түгээмэл байна. Хэн нууцаар мэдээлэл авсан, ямар бүрэлдэхүүнд хамаарсан гэдэг нь хуульд нийцсэн журмаар тодорхой бус, ил болгохтой холбоотой нарийн зохицуулалт нь бүрхэг байна. Жишээлбэл, Засгийн газрын 246 ду¬гаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан шалгуурыг олон улсын хүний эрхийн зарчимд нийцэж буй, эсэхийг шалгахад тодорхой асуудлууд гарсан. Мэдээллийн тоо нэмэгдсэн ч санаачилга гаргахгүй, асуудлыг хөндөх хүн ч цөөн байна. Учир нь ил байгаа мэдээлэл хулгай, луйврыг нь илчилж магадгүй тул ийм байдлаар өөрсдийн эрх ашигт халдахыг хүсэхгүй бай¬гаа юм.
-Ер нь үүнийг ер нь эрх зүйн ухамсартай холбон тайлбарлах нь зөв үү?
-Тийм. Хуучин нийгмийн соёлоо амь бөхтэй хадгалаад байна. Нууц мэдээллийг ил болгохтой холбоотой хяналтын хороо алга. Засгийн газар л мэдээллийг ил болгож, үүнийг тойрсон улс төрийн үйл явц өрнөж байна. Хэн илүү мэдээ¬лэлтэй байгаа нь давуу эрхтэй. Үүний цаана нь маш олон хулгай, зөрчил байгаа гэж хэлнэ.
-Байхыг үгүйсгэхгүй болов уу.
-Үгүйсгэхгүй биш, байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулиа цогцоор нь шинэчлэхгүй юм бол иймэрхүү косметик засвар хийгээд үр дүнд хүрэхгүй.
Д.Хүслэн