Нэг тонн цаас үйлдвэрлэхэд дунджаар 40-50 мод тайрах шаардлагатай болдог. Тэгвэл “Спек материалс” компанийнхан байгальд илүү ээлтэй шийдлүүдийг хэрэглээнд нэвтрүүлж, аргал, жийнс, даавуу, ноолуур зэрэг янз бүрийн материалтай хувцсыг дахин боловсруулан эко цаас үйлдвэрлэж байна. Кофены нэг удаагийн аягыг ч ашиглан зузаан, бат бөх цаас үйлдвэрлэн, түүгээрээ нэрийн хуудас, эко мандат, өргөмжлөл зэргийг хийж, зах зээлд нийлүүлж буй нь энэ аж. Даавууны утаслаг чанар нь барьцалдуулагч шинжтэй учраас ямар нэгэн химийн бодис ашиглахгүйгээр бага хэмжээний ус хэрэглэж, энэхүү эко цаасыг үйлдвэрлэдэг юм байна. Нэг кг хувцсыг дахин боловсруулснаар ижил хэмжээний цаас гарган авах боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, энэхүү технологи нь ямар ч хаягдалгүй, модны эслэгийн хольцгүйгээс гадна байгальд хурдан хугацаанд шингэдэг гэсэн үг. Харин аргалыг дахин боловсруулсан цаастай хольж, гарган авсан “Argal рaper” нь байгаль орчинд ээлтэй төдийгүй хаягдал болсон ч богино хугацаанд задардгаараа онцлогтой. Аргалын цаасыг хэрэглээнд нэвтрүүлснээр хоёр жилийн хугацаанд нийт 5762 литр нүүрсхүчлийн хийн ялгарлаас сэргийлсэн тухайгаа тус байгууллагынхан онцолжээ.
“Спек материалс” компанийнхан Монгол орны цаасны импортыг бууруулан, хог хаягдлыг багасгаж, экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор дахин боловсруулах үйлдвэрээ 2023 онд нээсэн аж. Тэдний үйлдвэрлэсэн эко нэрийн хуудас, мандат тэргүүтэй цаасан хэвлэлийн бүтээгдэхүүн нь хэмжээ, хийцээсээ шалтгаалаад 620-7000 төгрөгийн үнэтэй. Мөн эко үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хүмүүс цайвар цагаан өнгөтэй хөвөн даавуун, эсвэл жийнсэн материалтай хувцсаа дээрх байгууллагынханд хандивлах боломжтой юм.
Ташрамд дурдахад, манай улс жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн үнэ бүхий хувцас импортоор авдаг гэх судалгаа бий. Гэвч манайд хувцас дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас үүний 99 хувийг нь байгальд шууд хаядаг гэнэ. Харин зөвхөн нэг хувийг нь л зарж борлуулдаг юм байна.
Э.Сүйлэн
