Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, 43-р зүйлийн 1, 70-р зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэсэн юм.
Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн нь Г.Занданшатартай нэгдмэл эрх ашигтай байна гэж татгалзах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг хэлэлцэхээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан түр завсарлалаа.
Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг ҮХЦ хүлээн авсангүй.