Нийслэлийн зарим байршилд айл өрхүүд, албан байгууллагын дулааны хангамж муу, хүйтэн байгаа талаар иргэд гомдоллосоор байна. Энэ талаар мөн өвөлжилтийн бэлтгэл ажил, үнэ тарифын асуудлаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхнаас тодрууллаа. Тус компанийн шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр “Дулааны эх үүсвэр буюу станцуудаас 100 хэмийн халуун усыг хувийн орон сууцын конторууд (ХОСК) руу нийлүүлж байна. Гадаа дулаан байгаа учраас ХОСКоос 50 орчим хэмтэй усыг хэрэглэгчдэд түгээж буй юм билээ. Өөрөөр хэлбэл, цаг агаар хараахан хүйтрээгүй учраас халаалт бага байгаа хэрэг. Хүйтрэх тусам халаалтыг өсгөн, ХОСК-оос 70 орчим хэмийн халуун усыг нийлүүлнэ. Ер нь халаалтын хэм, тархаалтыг ХОСК зохицуулан түгээж, бид хянадаг. 2025-2026 оны өвлийн бэлтгэлийг дулааны станцууд бүрэн хангаж, шаардлагатай завсар, үйлчилгээг хийсэн. Мөн үнэ нэмэхгүй учраас хэрэглэгчид санаа зовох зүйлгүй” гэв.
Дулааны хэрэглээ жил бүр улсын хэмжээнд дунджаар таван хувиар өсөж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлтийг ч мөн нэмэгдүүлдэг гэнэ. Түүнчлэн одоогоор нэг гкал дулааны үнэд аж ахуйн нэгжүүд 20 000, ай өрхүүд 12 500 төгрөг төлж буй нь дулаан үйлдвэрлэлийн өртгөөс дунджаар 30 хувиар хямд дүн гэдгийг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийнхан дурдлаа.
С.Дулам