УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Ш.Бямбасүрэн нар 2026 оны улсын төсвөөс 1.2 их наяд төгрөг хэмнэх боломжтой гэсэн санал гаргажээ. Төсвийн төсөлд “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээл, зээлийн хүүгийн дэмжлэгт 608.9 тэрбум төгрөг хуваарилсан байгаа аж. Үүгээр нь малчид машин худалдаад авчихдаг, өөр үр дүн гардаггүй гэж дээрх гишүүд үзжээ. Мөн яг юу нь тодорхойгүй, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд 204.4 тэрбум төгрөг зарцуулахыг дэмжихгүй гэсэн байна. Шинжлэх ухааны салбараа дэмжих гэж буй бол маш тодорхой, ямар төсөл, хөтөлбөр гэдэг нь ил байх ёстой гэжээ.
Энэ мэтээр зориулалт, судалгаа нь тодорхойгүй, үр ашиггүй 22 төсөл, арга хэмжээний зардлыг нийлүүлээд 1.2 их наяд төгрөг танах боломжтой гэсэн байна. Тэд уг саналаа холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.