Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 21 аж ахуйн нэгжид 52.6 тэрбум төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан талаар Монополын эсрэг газраас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, нэр бүхий аж ахуйн нэгжүүд “Аи-92” автобензиний үнийг энэ оны тавдугаар сарын 23-наас эхлэн нэмэгдүүлсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн юм. Үүний хүрээнд Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. Дээрх хяналт, шалгалтаар тогтоогдсон үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгасны үндсэнд элшийтгэлийг ногдуулсан байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн тавдугаар сарын 23-наас Улаанбаатарт “Аи-92” шатахууныг 2590 төгрөг болгож, 200 төгрөгөөр нэмсэн юм. Бензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасан хэмээн тухайн үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргаж байв.