Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт уржигдар 17.14 цагт газар таван магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, Хөвсгөлийн Цэцэрлэгээс зүүн урд 18, Цагаан-Уулаас баруун зүгт 62, Завханы Тосонцэнгэл сумаас хойд зүгт 76 км-т газар хөдөлсөн байна. Газар хөдлөлийн чичирхийлэл Завханы Баянхайрхан, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумд бага зэрэг мэдрэгджээ. Мөн энэ өдрийн 01.13 цагт ОХУ-д газар 3.9 магнитудын хүчтэй хөдөлсөн байна.
Энэ талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоос тодруулахад “Учирсан хохирол байхгүй. Сумын төвийн айлуудад чичирхийлэл мэдрэгдсэн. Манай аймагт он гарснаас хойш газар таван магнитудын хүчтэй хөдөлсөн анхны тохиолдол болж байна. Улаан-Уул, Ханх орчим газар хөдлөлийн идэвхтэй бүсэд хамаардаг” гэв.
Ташрамд, улсын хэмжээнд 2013-2023 онд 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 1173 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онд ийм тохиолдол 73 бүртгэгдсэн бол энэ он гарснаас хойш өчигдрийн байдлаар дээрх хэмжээний газар хөдлөлт 43 удаа болсныг ОБЕГ-аас мэдээлэв.
Ч.Туяа