Тогтвортой хөгжлийн асуудлаарх Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалт нь Тогтвортой хөгжлийн зорилтуудаас дэд бүтэц, эрчим хүч, усны асуудал, хотын тогтвортой байдал, хамтын ажиллагаа зэрэг таван чиглэлийг голчлон хэлэлцэж буйгаараа онцлогтой юм.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ үеэр “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд тулгарч буй сорилтыг үл харгалзан тогтвортой хөгжлийн төлөө тууштай ажилладаг. Хамтын ажиллагаа, шинэлэг шийдэл, оролцоонд тулгуурлан “Хэнийг ч орхигдуулахгүй” гэсэн амлалтаа биелүүлэхийн төлөө бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уриалж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд голчлон анхаарч байна” хэмээв.
Энэхүү уулзалт нь Зүүн Хойд Азийн бүс нутгийн олон талт оролцогчдын хооронд хүртээмжтэй, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэн, бүс нутгийн Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, залуучуудыг нэгтгэн, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийг хэлэлцэх зорилготой аж.
У.Сүрэн