Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой өчигдөр уулзжээ. Энэ үеэр шатахууны зохиомол хомсдолыг арилган, ОХУ-аас нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар ярилцсан байна. Элчин сайд А.Н.Евсиков “Сүүлийн үед сошиал орчинд ОХУ-аас худалдан авч буй бүтээгдэхүүний хэмжээ багассан мэтээр ташаа ойлголт түгж байна. Монголд нийлүүлэх шатахууны тээвэрлэлттэй холбоотой ямар ч асуудал үүсээгүй, нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ” гэжээ. Улмаар хойд хөршөөс авах импортын хэмжээгээ нэмэхээр болсныг ч АҮЭБЯ-наас мэдээллээ.
Ташрамд дурдахад, энэ сарын 12-21-нд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд АИ-92, АИ-95 нэрийн нийт 16 900 орчим тонн бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн нь 10 хоногийн дунджаас өссөн дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
С.Цэрэн