УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6, зарлага 29.6, суурь тэнцэл хоёр их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулав. Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу хоёр их наяд 181.9 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу нэг их наяд 85.5 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулна гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга дурдаж, төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлон, үнэлж, эрэмбэлсэн болон шалгуур үзүүлэлтийг сайжруулснаар нийт тоо хэмжээг хоёр дахин бууруулаад байгааг хэлэв.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа өсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас хоёр хувийг танаж, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх тухай санал оруулсан нь дэмжигдлээ. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат ахмадуудын тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх стой гэсэн санал гаргаж, Өргөдлийн байнгын хороо дэмжсэн юм. Эдгээр саналыг Төсвийн байнгын хороо дэмжвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь. Харин багш нарын цалингийн тухайд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 20, долоодугаар сарын 1-нээс 10 хувь нэмэгдүүлэх байр суурь хэвээр байгааг Боловсролын сайд мэдэгдсэн. Ташрамд, багш нарын ажил хаялт зургаа дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд нийт 31 мянга гаруй нэгджээ.
Ч.Болор