Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкныхны хамтарсан уулзалт-хурал тав хоногийн турш үргэлжиллээ. Тус уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлт болон тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцсэн байна. Энэ үеэр манай улсад шаардлагатай техникийн зарим туслалцаа үзүүлнэ гэдгээ Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Фелипе Харамилло илэрхийлжээ.
Мөн салбарын яамныхан ОУВС-гийн Төсвийн асуудал эрхэлсэн хэлтсийн орлогч дарга Артур Свистактай уулзаж, төсвийн нөхцөл байдал, тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэл, цалин хөлсний талаар санал солилцсон аж. Хэлэлцээрийн төгсгөлд ОУВС-гаас тэтгэврийн даатгалын сангийн тооцооллын урт хугацааны загвар боловсруулахад болон цалин хөлсний өнөөгийн тогтолцоонд дүн шинжилгээ хийхэд техникийн дэмжлэг үзүүлэхээр болов.
О.Ундрах