Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа хэдхэн хоногийн өмнө Вашингтонд очиж Ерөнхийлөгч Дональд Трамптай нь уулзлаа. Сирийн Төрийг тэргүүлж байсан нэг ч хүн үүнээс өмнө АНУ-д албан ёсоор айлчилж байсангүй. Хэвлэлд мэдээлснээр бол гадаадын зочдыг Ерөнхийлөгч өөрийн биеэр тосож угтдаг, зураглаачид хүлээж байдаг Цагаан ордны баруун жигүүрийн хаалгаар биш, хажуугийн хаалгаар тэрбээр орж, мөн тэр хаалгаар гарч явсан байна. Түүнээс өмнө Сирийн өндөр албан тушаалтан 1999 оны эцсээр л Цагаан ордны босгыг алхсан нь Гадаад харилцааны сайд Фарук аш-Шараа байжээ. Тэр Израилтай хийсэн энхийн хэлэлцээрт оролцсон аж. Сүүлийн 25 жил тус улс Асадын удмынхны засаглалд иргэний дайн, хэлмэгдүүлэлт, олон улсад гадуурхагдахыг үзэж, эцэст нь хуучин дэглэмээ унасны гэрч болов.
Алан хядах байгууллага гэгдэж байсан “Хайят Тахрир аш Шам” нийслэл Дамаск хотыг 2024 оны эцсээр хүчээр эзэлж, хуучин дэглэмийг унагаж, түүний удирдагч Башар Асад Москва руу зугтсаны дараа тус байгууллагын тэргүүн Ахмет аш-Шараа олон жил Сиритэй хэлхээ холбоотой болохоос зайлсхийж ирсэн орнуудтай харилцаагаа сэргээхийг хичээх болов. Түүнийг Вашингтонд албан ёсны айлчлал хийхээс өмнөхөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоригийн жагсаалтаас нэрийг нь хасжээ.
Зард гарсан “Аль-Кайда”-гийн Сирийн жигүүр болох “Хайят Тахрир аш-Шам”-ын гишүүний хувиар аш-Шарааг 2014 оноос НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоригтоо оруулаад байсан юм. Сирийн Гадаад хэргийн сайд Анас Хаттаба ч мөн НҮБ-ын хоригоос чөлөөлөгдөв. Эдгээр хоригийг энэ оны арваннэгдүгээр сарын 6-нд цуцлахад Аюулгүйн зөвлөлийн 14 гишүүнээс ганцхан Хятад л түдгэлзжээ. “Reuters” агентлагийн өгүүлснээр бол аш-Шараагийн хоригийг цуцлахыг Аюулгүйн зөвлөлийн энэ 14 гишүүнээр зөвшөөрүүлэх гэж Вашингтон хэдэн сар зүтгэсэн байна. Холбогдох тогтоолын төслийг Америкийн дипломат ажилтнууд боловсруулан, санал хураалгахаар өргөн барьсан аж. Аш-Шарааг баривчлахад хүчин зүтгэвэл 10 сая ам.доллар өгөхөөр амласнаа ч АНУ өнгөрсөн оны эцсээр цуцалсан байна. Сирид засгийн эрх баригч солигдсонд эхнээсээ өөрөөр хандаж байсан Дональд Трамп алан хядагч байсан аш-Шарааг илт дэмжих болжээ. Тэгээд “Залуу, сэтгэл татам, хүчтэй аятайхан залуу. Хатуу чанга зан араншинтай дайчин эр. Нөхцөл байдлыг хяналтдаа байлгах бүх боломж түүнд бий” гэж Трамп Эр-Риядад анх удаа богино хугацаанд уулзсаныхаа дараа түүний талаарх бодлоо сэтгүүлчидтэй хуваалцахдаа хэлсэн байна.
Ахмед аш-Шараа “Аль-Кайда”-тай холбоотой байсан төдийгүй 2003 онд түүний эгнээнд тулалдаж явжээ. Харин 2001 оны есдүгээр сарын 11-нд “Ал-Кайда”-гийн үйлдсэн алан хядах ажиллагаанд оролцоогүй гэдгээ аш-Шараа “Fox News”-ийн сэтгүүлчдэд ярьсан байдаг. “Тэр үед би 19 настай, цэл залуу байж. Би түүнд ямар ч хамаагүй” гэж хэлжээ.
Ахмед аш-Шараа 2011 онд “Жебхат-анНусра” бүлэглэлээ байгуулж, тэр нь 2017 онд “Хайят Тахрир аш-Шам” хэмээн нэрээ өөрчилж, “Аль-Кайда”-гаас тусгаарлажээ. АНУ-ын Төрийн департамент 2013 онд Аш-Шарааг онцгой аюул¬тай алан хядагчийн жагсаалтад оруулж, байгаа газрынх нь талаар өгсөн мэдээллийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо 10 сая ам.доллароор үнэлж байв.
Ахмед Хусейн аш-Шараа 1982 онд Саудын Арабт төржээ. Түүний удам одоо Сири, Израилын хооронд маргаантай газар нутаг болоод байгаа Голаны өндөрлөгөөс гаралтай. Эцэг нь Арабын үндсэрхэг үзэлтэн байсан, сүүлдээ нефтийн аж үйлдвэрийн салбарт ажиллаж байгаад түүнийг олборлохтой холбоотой эдийн засгийн өөрчлөлт хийхэд нь Ерөнхий сайддаа тусалж байв. Ээж нь газар зүйн багш.
Ахмед аш-Шараа хожим нь Дамаскийн их сургуульд хэвлэл, мэдээллийн асуудал су¬далсан байна. 2000 оны Палестины арабуудын бослого, 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаа аш-Шараад ихээхэн нөлөөлжээ. Тэрбээр жихадын талыг баримт¬лах болмогцоо хичээл, сургуулиа хаяж “АльКайда”-гийн эгнээнд орж байлдахаар Иракийг зорив. Тэр үеэс “Абу Мухаммад аль Жулани” гэх нууц нэртэй болов. 2006 онд Жулани Америкийн цэргүүдэд баривчлагдаж Абу-Грейб гэдэг шоронд хоригдоод 2011 онд суллагдсан аж. Сирид иргэний дайн эхлэхээр Ирак дахь “Исламын улс”-ын удирдлага өөрийн салбарыг Сирид байгуулах эрх өгч, түүнийг тийш явуулав. Тэнд “Жебхат ан-Нусра” гэдэг бүлэглэлээ байгуулж, шоронгоос гарсан ислам шашинтнуудыг элсүүллээ. 2012-2013 онд Жулани Сирид өөрийн эрх мэдлийг аажмаар бэх¬жүүлж, “Жебхат-ан-Нусра”-гийнхаа бие даасан байдлыг хадгалахын тулд “Аль-Кайда”-гийн удирдагч Айман аз-Завахарид үнэнч байх тангараг өргөв. Бүлэглэл нь Өрнөдийн орнууд руу дайрч довтлох төлөвлөгөөгүй, харин Асадын Засгийн газар, “Хезболла”болон “Исламын улс”-ын эсрэг тэмцэнэ хэмээн мэдэгдлээ.
2016 онд бүлэглэлийнхээ нэрийг “Жебхат Фатх аш-Шам” болгон өөрчилж, гадаадын ямар нэг байгууллагатай хэлхээ холбоо тогтоохгүй гэж зарлажээ. Харин 2017 онд хэд хэдэн бүлэглэл нэгдэж “Хайят Тахрир аш-Шам” хэмээх байгууллага бий болгосон байна. Мөн оны наймдугаар сар болоход энэ байгууллага Сирийн баруун хойд нутагт босогчдын тэргүүн зэргийн бүлэглэл болжээ. Гэтэл Оросын Агаар, сансрын хүчний өгсөн цохилтын дүнд Жулани хүнд шархдаж өрөөсөн гаргүй болсон гэх мэдээг ОХУ-ын Батлан хамгаалах яам тараав. Хэдхэн хоногийн дараа уг мэдээллийг Жулани өөрөө няцаалаа.
2019 оноос “Хайят Тахрир аш-Шам” Сирийн Засгийн газрын талыг баримталдаг хүчний довтолгоог няцааж, Идлиб дэх Туркийн цэргүүдтэй түншлэх болов. Улмаар Сирийг аврах Засгийн газар байгуулж, Идлиб мужид худалдааны төвүүд, орон сууц, эрчим хүчний хангамж бий болгож тохижив. Эндхийн их сургуульд нь 18 мянган оюутан суралцана. Улс төрийн өөр үзэл бодолтнуудтай ширүүн тэмцэл хийнэ. Энэ тэмцэлдээ тамлан зовоох арга хэрэглэж, шүүхийн шийдвэргүйгээр цаазалж байснаас 2024 оны хавар Жуланигийн засаглалын эсрэг өргөн олны тэмцэл өрнөлөө.
Башар Асадын дэглэмийг унагаасан “Хайят Тахрир аш-Шам”-ын отрядууд хийгээд Засгийн газрын эсрэг хүчнүүдийн өргөн хүрээтэй довтолгоон 2024 оны арваннэгдүгээр сарын 27- нд эхлэв. Ерөнхийлөгч Башар Асадын дэглэм унахын өмнөхөн Сирийн босогчдын удирдагч Абу Мухамед аль-Жулани өнгөрсөн амьдралтайгаа холбоотой энэ нууц нэрнээсээ татгалзаж, Ахмед аш-Шараа гэх жинхэнэ нэрээ хэрэглэх болжээ.
Ингээд хуучин дэглэм унаснаар аш-Шараа Сирийн удирдагч болов. Асадыг Дамаскаас явсны дараа Сирийн Засгийн газар шинээр сонгогдсон Засгийн газарт эрхээ шилжүүлнэ хэмээн Ерөнхий сайд Мухаммад Гази аль-Жалала арванхоёрдугаар сарын 8-нд зарлалаа. Энэ өдөр Шараа олон түмэнд хандаж Дамаск хотод хэлсэн үгэндээ Асадын дэглэм унасныг “бүс нутгийн түүхийн шинэ үе” хэмээн нэрлэсэн байна.
Арванхоёрдугаар сарын 12-нд Шараа гадаадын анхны дипломат төлөөлөгчийг хүлээн авч, Туркийн албан ёсны хүмүүстэй уулзав. 29-ний өдөр “Аль-Араби” телесувгийн сэтгүүлчийн асуултад Шараа хариулахдаа “Сирийн шинэ Үндсэн хуулийг бичих ажил 2-3 жил үргэлжилнэ, харин сонгууль дөрвөн жилийн дараа болно” хэмээн мэдэгдлээ.
Ахмед аш-Шарааг Сирийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч болж буйг 2025 оны нэгдүгээр сарын 29-нд албан ёсоор зарлав. Хоёрдугаар сарын 2-нд Сирийн Төрийн тэргүүний хувиар анхны гадаад айлчлалаа Саудын Арабт хийж угсаа залгамжилсан хунтайж Мухамед бин Салмантай уулзлаа. Хоёр хоногийн дараа Туркэд очиж Режеп Эрдогантай нүүр учрав. Аравдугаар сарын 15-нд Москвад очиж, Владимир Путинтэй бас уулзлаа.
Гуравдугаар сарын 6-нд Асадын талынхан болон шилжилтийн Засгийн газрын хүчний хооронд Баруун Сирид мөргөлдөөн болсон нь хуучин дэглэм унаснаас хойших хамгийн хатуу харгис хүчирхийлэл байв. Үүний дараа хийсэн анхны мэдэгдэлдээ унасан Засгийн газрын үлдэгдлийг мөрдөн шалгаж, шүүхэд шилжүүлэхээ Шараа амласан юм. Сирийн эрх баригчдын эсрэг гар далайгсдыг уучилж боломгүй алдаа хийснийг нь мэдэгдэж, тэднийг оройтоогүй дээрээ зэвсгээ хаян бууж өгөхийг, Засгийн газрыг дэмжигч дайчдыг эрх мэдлээ аливаа байдлаар буруугаар ашиглахгүй байхыг бас уриалжээ.
Ахмед аш-Шараагийн гэргийг Латифа адДруби гэх бөгөөд Хомс хотын нөлөө бүхий язгууртны гэр бүлээс гаралтай аж. Энэ эмэгтэй Сирийн Засгийн газрыг 1920 онд тэргүүлж байгаад 26 өдрийн дараа алагдсан Османы эзэнт улсын элчин агсан Ал ад-Дин ад-Дарубигийн садангийн хүн юм. Дамаскийн их сургуульд араб хэл, уран зохиол судалж байхдаа Шараатай танилцжээ. Тэд 2013 онд Иргэний дайны үед Шарааг “Жебхат ас-Нусра”-г удирдаж байхад ханилан суусан байна. Тэгэхдээ гэр бүл болсноо нууцалж байгаад 2025 оны нэгдүгээр сарын 31- нд анх удаа олны өмнө хамт гарч иржээ. Нөхөр нь Ерөнхийлөгчийн өргөөнд Америк дахь Сирийн эмэгтэйчүүдийн төлөөлөгчтэй уулзсан өдөр энэ үйл явдал тохиов. Латифа ад-Друби нөхрөө Саудын Араб, Туркэд айлчлахад нь хамт явсан байна. Ахмед аш-Шараагийннх гурван хүүхэдтэй.
Шараагийн ах Махер нь 2000 онд Орост Воронеж хотын Анагаах ухааны академийг төгсөж, 2018-2024 онд эндхийн төмөр замын Нэгдүгээр эмнэлэгт эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх салбарыг нь тэргүүлж байж. Хуучин дэглэм унахаар Сирид ирээд шилжилтийн шинэ Засгийн газарт Эрүүлийг хамгаалахын сайдаар ажиллаж байв. Одоо Ерөнхийлөгчийн Тамгын газрыг тэргүүлж буй юм.
Эцэст нь тэмдэглэхэд, аш-Шараа сая Трамптай уулзаад хоёул ямар нэг мэдэгдэл хийсэнгүй, зураглаачдын дурангийн өмнө ч саатсангүй. Ер нь гадаадын зочдыг хүлээн авах үед байдгаасаа Цагаан ордон ихээхэн даруу, өөлбөл, жаахан хөнгөн мөчид хандсан гэлтэй.
Трамп, Шараа нар гуравдугаар сарын10-нд гарын үсэг зурсан курдүүд, Сирийн Засгийн газар хоорондын гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохирч, курдийн дайчдыг Сирийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд оруулахыг анхааралдаа авахаар болсон гэж Сирийн одоогийн Засгийн газрын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ. Үүний түрүүнд 2000 онд Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын эцэг Хафез Асадыг АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Женев хотноо хүлээн авч уулзан Израилтай хийж буй дайнаа зогсоохыг ятгаж байж. Башар Асадыг Ерөнхийлөгч байхад Сирийн эсрэг хоригоо хоёр ч удаа АНУ чангаруулсан аж.
Р.Жаргалант