Николя Саркози Елисейн ордонд Муаммар Каддафийг хүлээн авч уулзав. 2007 оны арванхоёрдугаар сар
2007-2012 онд Францын Ерөнхийлөгчөөр ажилласан 70 настай Николя Саркози ялаа эдлэхээр өнгөрсөн аравдугаар сарын 21-нд шоронд суув. Түүнийг 2007 онд сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг нэг сарын өмнө Парист болсон шүүх хурлаар нотолсон байна. Тэрбээр Ливи улсыг Өрнөдтэй харилцаагаа сэргээхэд нь тусалж, хариуд нь мөнгө авахаар удирдагч Муаммар Каддафитай холбогдохыг туслахдаа зөвшөөрсөн аж.
Францын ирээдүйн Ерөнхийлөгчийн сонгуулийн санд 50 сая евро шилжүүлэхийг Каддафи даруй зөвшөөрөв. Гэхдээ Саркози Төрийн хамгийн дээд суудалд очихдоо уг мөнгийг үнэхээр ашигласан эсэхийг шүүх тогтоож чадаагүй гэнэ. Саркозид 100 мянган еврогийн торгууль хүлээлгэж, таван жил шоронд хорих ял оноосон байна. Энэ хэрэгт түүний багийн хоёр гишүүнийг буруутгаж нэгд нь тав, нөгөөд нь хоёр жил хорих шийтгэл оноожээ. Шүүхийн шийдвэрийг Саркози дайснуудынхаа, түүний дотор Каддафиг залгамжлагчдын хатгалгаар хийсэн үйлдэл гэж үзэж буйгаа хэлжээ. 2011 оны “Арабын хавар”-ын үеэр Каддафигийн дэглэмийн эсрэг цэргийн хүч хэрэглэхийг дэмжсэн Өрнөдийн удирдагчдын тэргүүн эгнээнд зогссон хүмүүсийн нэг нь Саркози байсны төлөө түүнээс ийн хонзонгоо авсан гэнэ. Тэр үйл явдлын эцэст Ливийн удирдагч амиа алдаж, иргэний дайн эхэлсэн байна. Хэргийг гүйцэд мөрдөн шалгахын тулд Саркозид оноосон ялыг эдлүүлэх хугацааг түр хойшлуулж, аравдугаар сарын 21-нд шоронд аваачихаар Үндэсний санхүүгийн прокурорын газар 13-ны өдөр шийдвэрлэжээ. 21-ний өглөө Саркози гэргий Карла Брунитэйгээ хөтлөлцөн гэрээсээ гарч ирээд машинд суун Парист байх ганц шорон болох Санте руу явсан байна. Тэднийг гэрээсээ гарч ирэхэд фото болон видео аппарат барьсан хүмүүс шавчихсан байжээ.
Энэ шоронг XIX зуунд Парисын өмнөд хэсэгт барьж босгосон юм. Францын хамгийн олон хоригдолтой шоронгийн нэг гэнэ. Энд яруу найрагч Гийом Аполлинер, офицер Альфред Дрейфус, зохиолч Жан Жене, жүжигчин Сама Насери, хожим нь Алжирын анхны Ерөнхийлөгч болсон Ахмед Бен Белла, Панамын дарангуйлагч асан Мануэль Норьега нар хоригдож байв. Саркози эндхийн хамгийн өндөр статустай хоригдол болж буй юм байна. Түүнчлэн Европын орнуудын удирдагчдаас болон Францын Ерөнхийлөгч байсан хүмүүсээс шоронд орж буй анхны хүн болов. Дэлхийн II дайны үед нацистуудтай хамтарч ажилласнаас Францын удирдагч асан маршал Филипп Петон бас шоронд орж байжээ.
Саркози Ерөнхийлөгчөөр төдийгүй Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан тул шоронд түүний аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ авах юм байна. Есөн ам метр талбайтай, ор, жижигхэн ширээ, бие засах, усанд орох боломжтой, цахилгаан зуухтай ганц хүний өрөөнд түүнийг хорих нь. Хоолоо хийхийн тулд Сантегийн гуанзнаас хүнсний зүйл худалдаж авч болох нь. Мөн сард 7.5 евро төлж хөргөгч, Хамгийн өндөр статустай хоригдол 14 еврогоор телевизор түрээсээр хэрэглэж болох аж. Түүгээр ч зогсохгүй өрөөнд нь утас байх бөгөөд гэрийнхэнтэйгээ ярьж, зөвшөөрөгдсөн өөр дугаар руу залгах эрхтэй. Өөр хоригдлуудад ч ийм утас байх боловч үйлчилгээний хөлс нь их өндөр, 20 минут ярихад 110 евро төлнө. Бусад хоригдлын адил Саркози долоо хоногт гурван удаа эргэлт авч, өдөр бүр салхилж байхыг зөвшөөрнө. Цөөн номтой номын сан, дасгал хийх төхөөрөмж ашиглаж бас болно. Өрөөний гадна талд аюулгүй байдлын албаны хэд хэдэн ажилтан байнга сахин, Саркозиг бусад хоригдлоос хөндий байлгахад анхаарна. Хоригдлууд түүнийг салхинд гарч байхад нь ч цонхоороо харах боломжгүй. “Аливаа будилаан зөрчил гаргахгүйн тулд түүнийг бусад хоригдолтой уулзуулахгүй байх нь бидний үүрэг” гэж шоронгийн ажилтнуудын нэг нь “Le Monde” сонины сурвалжлагчид ярьжээ. Хоригдлуудын нэг нь Саркозиг шоронд ирсний маргааш заналхийлснийг хорих газрын дарга Парисын прокурорын байгууллагад мэдэгдэж, мөрдөн шалгах ажил эхлүүлжээ. Гурван хоригдлыг байцааж, нэгжээд гар утас хурааж авсан байна.
Саркози хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ аравдугаар сарын 9-нд Булоны ойд салах ёс гүйцэтгэж дайллага хийжээ. Өндөр алба хашиж байсан болон одоо өндөр албан тушаалд ажиллаж буй хүмүүс, тухайлбал, Саркозиг Ерөнхийлөгч байхад Хууль зүйн сайд байсан, одоо Соёлын сайдаар ажиллаж буй Рашида Дати, эдийн засгийн зөвлөх нь байсан одоо Елисейн ордны ерөнхий нарийн бичгийн дарга Эммануэль Нулен нар дайллагад хүрэлцэн иржээ. Саркози энд үг хэлэхдээ “Миний түүх төгсөөгүй. Надад харамсах хэрэггүй, би гоншигнохыг тэвчдэггүй юм. Та нар харин эгдүүцэх нь надад чухал” гэж мэдэгдсэн байна
Аравдугаар сарын 17-нд Саркозиг Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон урьж уулзжээ. Дараа нь Макрон өмнө нь Ерөнхийлөгч байсан хүнээ “Ийм нөхцөл байдалд байхад нь хүлээж авч уулзах нь хүмүүнлэг ёсны үүднээс байх ёстой зүйл” гэсэн тайлбар хийв. Саркозигийн анд, Хууль зүйн сайд Жеральд Дарманен Ерөнхийлөгч асанд оноосон ялыг “гүн харамсалтайгаар” хүлээн авч, хоригдож буй нөхцөл байдлыг нь шалгахаар эргэж очихоор амлажээ. Үүнийх нь төлөө шүүгч, прокуроруудын үйлдвэрчний байгууллага түүнийг ширүүхэн шүүмжилж, сайд болон анд нөхрийн үүргийг ялгаж салгаж байхыг уриалсан байна. Марин Ле Пен болон Саркозиг ивээн тэтгэгчээ гэж үздэг Францын баруун үзэлтнүүд харамслаа илэрхийлжээ. Саркози төрийн албыг орхисныхоо дараа хэд хэдэн компанийн захирлуудын зөвлөлд орж, зөвлөхөөр нь ажилласан болохоор хамтарч байсан хувийн бизнесийн салбарынхан нь түүнээс хэлхээ холбоогоо таслах бодолгүй байгаа аж.
Шоронд “Монте Кристо гүн” роман, Есүс Христийн намтрыг (оноосон шийтгэлийг шударга бус гэж үзэж буйн илэрхийлэл) уншиж, дурсамжаа бичнэ хэмээн Саркози “Le Figaro” сонины сурвалжлагчид хэлжээ. Түүнийг дурсамжаа бичиж дуусгахаас өмнө суллаж магадгүй юм байна. Учир нь Саркози давж заалдах өргөдөл гаргасан бөгөөд Францад энэ мэт боломжийг хэрэгтэн ашиглаж дууссаны дараа эрүүгийн хэрэгт оноосон ялыг эдлүүлж эхэлдэг аж. Энэ үед анхан шатны шүүх нь оноосон ял хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэлийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах эрхтэй байдаг. Саркозид ч ингэж ханджээ. Энэ нь Ерөнхийлөгч асанд бухимдал төрүүлснээс “Намайг дорд үзлээ” хэмээн мэдэгдсэн байна. Түүнийг Санте шоронд очмогц өмгөөлөгчид нь суллуулах тухай хүсэлт гаргажээ. Давж заалдсанаас гадна шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байсныг тэд ашигласан байна. Ийм хүсэлтийг авч үзэх хугацаа хоёр сар байдаг ч Саркозийн асуудалд шуурхай хандаж, 3-4 долоо хоногийн дараа түүнийг суллагдах болов уу хэмээн өмгөөлөгчид нь найдаж буй юм байна.
Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Николя Саркозийг саяхан шоронгоос гаргажээ. Прокурорын байгууллага ийм хүсэлт гаргасан байна. Давж заалдахаар гаргасан өргөдлийг нь ирэх оны гуравдугаар сарын дундуур шүүх авч хэлэлцтэл тэрбээр гадуур байх нь. Энэ үеэр тэрбээр мэдэгдэхдээ “Ноён Каддафигээс санхүүгийн ямар нэг дэмжлэг хүсэх тийм тэнэг бодол надад огт төрж байгаагүй” гэсэн байна. Тиймээс “Ливийн гэх” хэргийн тухайд буруугаа ер хүлээж байсангүй. Үнэнийг ялуулахын төлөө тэмцэхээ амлажээ. Гойд хүмүүнлэг хандаж, зүүдэнд ч оромгүй байдлыг тэсэж тэвчиж өнгөрөөх боломж олгож байсан шоронгийн ажилтнуудад талархлаа илэрхийлсэн байна. Саркози цаашдаа гэрч болох хүмүүстэй уулзахгүй, Францын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх юм. Шоронд хүнд хэцүү байсан гэж Саркозигийн хэлснийг өмгөөлөгч Кристоф Энгрен, гэргий Карла Бруни, хүү Пьер, Жан нар нь тодруулж, хоригдлууд шөнө унтуулахгүй, орилолдож, хашхиралдан, заналхийлж байсныг ярьжээ. Үнэний шүүхээс зугтах нь буруутайгаа хүлээсэн гэсэн үг. Хийгээгүй хэргийг би хэзээ ч хүлээхгүй гэж Николя Саркози шоронгоос түр хугацаагаар суллагдахдаа хэлсэн байна.
Р.Жаргалант