Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулсаар байхад төрийн өндөр албан тушаалтнуудад давуу эрх олгон өглөө, оройгүй зам хааж, тусгай зохицуулалтаар хөдөлгөөнийг саатуулдаг байдлыг зогсоох тухай асуудлаар иргэн А.Пүрэв¬рагчаа D-Parliament цахим системд өргөдөл гарган, олон нийтээс санал авч эхэлжээ.
Энэ сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд санал авах уг өргөдөлд “Улаанбаатар хотын түгжрэл өнөөдөр иргэдийн цаг, мөнгийг үрээд зогсохгүй яаралтай, онцгой тохиолдолд түргэн тусламж, гал команд зэрэг төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг нь хязгаарлаж, амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирох ноцтой түвшинд хүрсэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй гишүүд, сайд, дарга нар өөрсдийгөө замын түгжрэлд саатахгүй байх нөхцөлийг тээврийн цагдаагийн тусгай хамгаалалт, зохицуулалтаар шийдүүлчхээд бусад иргэнийхээ зорчих хөдөлгөөнийг зогсоож, хохироогоод үлдээдэг. Энэ нь Үндсэн хуулиар олгосон “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг алдагдуулж, шударга ёс, ардчилал, иргэдийн эрх тэгш байдлыг илт зөрчиж байна” хэмээн тодотгожээ. Түүнчлэн “Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, тусгай зохицуулалт хийдгийг зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой болон гадаад улсын зочдын албан айлчлал, гамшиг, осол, хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах зэрэг онцгой нөхцөл байдлын үед л хэрэгжүүлэх ёстой. Төрийн тэр¬үүнээсээ эхлээд сайд, гишүүд, дарга нар өдөр тутамдаа тусгай зохицуулалтаар давуу эрх эдэлдгийг хориглох хэрэгтэй. Мөн ил тод байдлыг бий болгож, зам хаасан шалтгаан, үндэслэл бүрийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг байх эрх зүйн зохицуулалтыг хуульчлан хэрэгжүүлэхийг шаардаж байна. Энэхүү өөрчлөлт нь нийгэмд шударга ёс тогтоох, төрийн хууль иргэддээ эрх тэгш үйлчлэх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх алхам болно” гэж онцолсон байна.
УИХ-ын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу энэхүү өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурж дэмжвэл гишүүд хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх зохицуулалт бий. Хэрэв та бүхэн дэмжиж байгаа бол “Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, хөдөлгөөнийг саатуулж давуу эрх олгодгийг зогсоох хууль боловсруулах тухай” гэсэн хайлтаар орж, өргөдөлд гарын үсэг зурах боломжтой.
Л.Аргамжин