МАН-ын XXXI Их хурал төлөвлөснөөсөө нэг өдрөөр сунаж, өчигдөр үүрээр дууссан байна. Эхний өдөр тэд намын даргаараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг 94.5 хувийн саналаар сонгосон юм. Хоёр дахь өдрөө намын үндсэн дүрмээ хэлэлцэн баталсан. Ингэхдээ 44 заалт шинээр нэмж, 57 заалтыг өөрчилж, есийг хасжээ. Тус намын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт бий. Үүнийг хасах, өөрчлөх, эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Гэвч Их хурлын гишүүд эл заалтаа “хөндсөнгүй”. Хэдий тийм ч Засгийн газраа тогтвортой ажиллуулах улс төрийн тохиролцоо хийсэн, Н.Учрал УИХ-ын дарга болно гэсэн мэдээлэл гараад буй.
Тэгвэл гурав дахь өдрийн хуралдаанаараа МАН-ынхан Бага хурлын гишүүдийг шинээр сонгожээ. Ингэхдээ бүрэлдэхүүнийг нь 118-аар нэмж, 597 гишүүнтэй болгосон аж. Мөн Хяналтын ерөнхий хорооны гишүүдээ шинээр сонгож, УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг даргаас нь чөлөөлсөн байна. Шинэ бүрэлдэхүүнтэй болсон Бага хурал өчигдөр 19.00 цагт анхдугаар хуралдаанаа хийж, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ гэж байв.