Уржигдар оройноос эхлэн бензин дахин хомсдож, шатахуун түгээх станц (ШТС)-ууд иргэдэд үйлчлэхгүй хэмээн буцаасан талаар нийгмийн сүлжээгээр “шуурав”. Саяхан л хүмүүс хонон өнжин шатахуунд дугаарлацгаасан. Асуудал шийгдэгдээд сар ч бололгүй дахиад ийм зүйлтэй нүүр тулсан иргэд маш их бухимдаж, сайд, дарга нарыг хатуу шүүмжилсээр байна. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-наас өчигдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Тэд шатахууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж буй бөгөөд үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэллээ.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монополын эсрэг газрын дүгнэлтээр нэр бүхий хэдэн компани үгсэн хуйвалдаж, шатахууны үнэ нэмсэн нь тодорхой болж, уг хэргийг шалгах ажил шүүхийн шатанд явна. ОХУ-аас АИ-92 авто бензин тонн тутмыг нь 705 ам.доллароор тогтмол импортлох гэрээ хэлэлцээрийг баталгаажуулсан учир үнэ нэмэгдэх нөхцөл цаашид бүрдэхгүй. Мөн савны багтаамжийг нэмэгдүүлэх, шинээр агуулах барих зардлыг ирэх оны төсөвт суулгасан. Түүнчлэн БНХАУ-аас бүтээгдэхүүн тогтмол худалдан авах гэрээ хэлэлцээрүүд хийж байна. Хойд хөршийн дайны нөхцөл байдлаас улбаалаад нийлүүлэлт харьцангуй багассан нь үнэн. Гэхдээ үнэ нэмэхгүй, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зэрэг бодлогын ажлуудыг хэрэгжүүлж, нөөцөө зөв зохистой хуваарилахад анхаарч байна. Өнгөрсөнд үүссэн хомсдол болон урьд шөнийн доголдлыг арилгахын тулд шатахууны хангалтыг өдөр, шөнөгүй хийж буй. Ингэх явцад түр зуурын хомсдол үүссэн байна лээ. Өмнө нь өдөрт 60-70 чингэлэг шатахуун хүлээн авч, нөөцөлдөг байсан бол одоо 120 вагоныг оруулж ирэх болсон. Ингэснээр шатахууны доголдол удахгүй бүрмөсөн арилна” гэлээ.
О.Оргилох