Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр баруун бүсийн импортын улаан буудай, мал, амьтны тэжээл болон тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өчигдөр өргөн барьжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь сүүлийн жилүүдэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах, хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх шаардлага нэмэгдсэнтэй холбоотой. Улмаар энэ жил байгаль, цаг уурын нөхцөл байдал баруун бүсэд хүндэрсэн, хур тунадас бага, гантай байсны улмаас хадлан, өвс, тэжээлийн гарц буурч, улаан буудайн тариалалт, ургац өмнөх жилүүдийнхээс багасах төлөвтэй байна. Тиймээс бүс нутагт улаан буудайн гурил, мал, амьтны тэжээлийн нийлүүлэлт доголдох эрсдэл үүсжээ. Дээрх тогтоолын төслийг УИХ баталснаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховдын Ярант, Увсын Боршоо зэрэг таван боомтоор гурил, мал, амьтны тэжээл болон тэжээлийн нэмэлтийг импортлох боломж бүрдүүлж, гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх нь.
С.Цэрэн