Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30)-ыг Бразилын Белем хотноо зохион байгуулж байна. Эл хуралд манай улсаас БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй бөгөөд NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувиар бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцож байна. Мөн эл хурлын хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Риогийн гурван конвенцын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлжээ. Энэхүү уулзалт нь экосистемийг нөхөн сэргээхэд чиглэсэн төрийн болон төрийн бус байгууллагын ажиллагааг хурдасгаж, уур амьсгал, биологийн олон янз байдал, газар, тогтвортой амьжиргааг холбосон түншлэлийг өргөжүүлэхэд чиглэж байна.
У.Цэцэг