Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх аргачлал, зааврын дагуу ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, ЭМЯ, ЗТЯ, ГБНХЯ-ны хамтарсан ажлын хэсгийнхэн 2025-2026 оны зудын эрсдэлийн үнэлгээг гаргажээ. Үүгээр нийт 21 аймаг, 330 сумын хэмжээнд таван сум маш их, 59 сум их, 192 сум дунд, 74 нь бага эрсдэлтэй гарсан байна. Тодруулбал, Баян-Өлгий маш их, Увс, Ховд, Хөвсгөл, Дорноговь аймаг их, ГовьАлтай, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар дунд, Булган, Орхон, Хэнтий бага эрсдэлтэй гэж гарсан аж.
Зудын эрсдэлийн үнэлгээг хийхдээ цаг агаар, агаарын температур, хур тунадасны байдлыг тооцон бэлчээрийн даац, өвөлжих малчин өрх, малын тоо, отор нүүдэл, мал, малчдын нөхцөл байдал, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ, алба, мэр¬гэжлийн ангийн бэлэн байдлыг төлөвлөсөн байна. Мөн эмзэг байдлыг зах зээлд мах нийлүүлсэн болон малчдын гар дээр, аймаг, сум, улсын аюулгүй нөөцөд өвс тэжээлийн нөөцөлсөн байдалд дүн шинжилгээ хийж тооцон, чадавхыг тус бүрд нь үнэлж, боловсруулсан гэнэ. Түүнчлэн цас ахиу орсон үед хаагдаж болзошгүй зам даваа, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг тооцон зудад өртөх болон эмзэг байдлын зураглал гаргажээ.
Ташрамд, энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 63 хувьд цастай байна. Тухайлбал, Увсын Малчин, Түргэн, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Булганы Рашаант, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уулын Шарын голд цасны зузаан 20 см-ийг давжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газарт цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхилж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарсныг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Цасны улмаас олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто зам хаагдсан тохиолдол гараагүйг Тээврийн цагдаагийн газраас мэдээлэв.
Ч.Болор