Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр хэлэлцлээ. Энэ тухай мэдээллийг хэсэг иргэн гаргасан аж. Тэдний зарим нь дээрх заалт иргэний итгэл үнэмшилтэй байх, мэдэх болон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн гэсэн бол нөгөө хэсэг нь хэт ерөнхий, тодорхойгүй, тохирсон байх зарчимтай нийцэхгүй байна хэмээн үзэж буйгаа тайлбарлав. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр оролцсон. Тэрбээр “Хүний дөрвөн суурь эрхийг Монгол Улсад ямар ч хуулиар хязгаарлаагүй. Харин үндэсний аюулгүй байдал, бусдын нэр хүндэд халдсан тохиолдолд төрөөс иргэдийн эрхийг тодорхой хэмжээгээр хязгаарлах эрхтэй гэдгийг Үндсэн хуульд заасан. Өргөдөл гаргасан хүмүүсийн байр суурь зөрчилтэй байна. Итгэл үнэмшилтэй байх эрхийг хуулиар огт хаагаагүй. Харин хуулийн заалтыг илүү тодорхой болгож, сайжруулах саналыг нь Цэц анхаарч үзэх байх” гээд Эрүү гийн хуулийг хэрхэн сайжруулж, гүтгэхтэй холбоотой хэсгийг зассанаа тайлбарласан.
Улмаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр түр завсарлаж, өнөөдөр үргэлжлэхээр боллоо.