“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. Шинэ удирдлага С.Мөнхсүх нь 2026 оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажлаа эхлүүлэх аж. Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм.
С.Мөнхсүх нь 2012 оноос “Оюу толгой” компани дахь ажлын замналаа эхлүүлж, стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд гар бие оролцож байв. 2015 онд “Рио тинто” групп рүү шилжин, оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг удирдан хариуцаж байжээ. Тэрбээр тус компанийн анхны монгол гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө “Рио тинто”-гийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Энэ хугацаандаа Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэжээ.
“Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Шон Хинтон “Өнгөрсөн 15 жилийн турш бүтээн байгуулалт өрнүүлж, амжилт бүтээлээ тогтвортой үйлдвэрлэлээр баталгаажуулсан Оюу толгой хөгжлийнхөө дараагийн шатанд ирлээ. Түүхэн ач холбогдолтой энэ мөчид хувь нийлүүлэгчдийн итгэлцэл, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн зэрэгцээ Оюу толгойн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх үүрэг С.Мөнхсүхэд ирж байна. Түүний уул уурхайн салбарын өргөн мэдлэг, “Оюу толгой” болон “Рио тинто” группт ажилласан арвин туршлага нь амжилтын буухиаг үргэлжлүүлж, компанийг өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд нь хөтөлнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэв.
Л.Ням