Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлэхтэй холбоотойгоор өчигдөр эмч, багш нар болон эцэг, эхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийв. Тэдсургуулийн насныхан буюу ахлах, дунд ангийнхны электрон тамхины хэрэглээ нэмэгдсэн, бүр бага ангийн сурагчид ч татах болсон тухай дурдлаа. Тухайлбал, нийслэлийн 39 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан М.Батхишиг “Сургуулийн орчинд электрон тамхины хэрэглээ гаарлаа. Өмнө нь зарим хүүхэд янжуур тамхи татдаг байсан ч ийм олуулаа хэрэглэж байгаагүй. Одоо бол электрон тамхийг эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хэвийн хэрэглээ гэж ойлгосон уу хаа сайгүй татдаг болсон. Энэтамхи нь төрөл бүрийн жимсний амт, үнэртэй учраас бага ангийнхан ч сонирхоод, татаж үздэг. Мөн янжуур тамхинаас хүүхдээ гаргах, арай эрүүл бүтээгдэхүүн хэрэглүүлэхээр электроныг зөвшөөрдөг гэр бүлийнхэн ч байна. Багш, ажилчид хүүхдүүдийг шалгадаг ч хичээлийн хэрэгсэл мэт нуугаад электрон тамхи оруулж ирж татдаг” хэмээв. Тиймээс нийгэмд электрон тамхины хор хөнөөлийг ойлгуулах, сэрэмжлүүлэх хэрэгтэйг багш нар, эцэг, эхчүүдийн төлөөлөл онцолсон. Түүнчлэн хаа сайгүй ялангуяа сургуулийн орчинд электрон тамхи зардгийг болиулах хуулийн зохицуулалт шаардлагатайг хэллээ.
С.Дулам