Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр УИХ-ын дарга Н.Учралд өргөн барив. Олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах шуурхай шийдвэр гаргах боломжийг уг хуулиар бүрдүүлэх гэнэ. Улсын хэмжээнд шатахууны хангамж тогтвортой, байнгын нөөцтэй байлгахын тулд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр уг төсөлд тусгажээ. Мөн нөөц бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх аж. Энэхүү хуулийн төслийг баталснаар газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамж тогтворжиж, бүтээгдэхүүний хомсдолоос урьдчилан сэргийлэх, агуулахын хүчин чадал нэмэгдэх, агаарын бохирдлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтойг сайд ньхэлэв.
Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувьимпортоор хангадаг. Уг хэрэглээ жил ирэх тусам өсөж, энэ оны эхний есөн сарын байдлаар 2.2 сая тонныг импортолжээ.