Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- оос “Олон нийтийн сүлжээний бодлого, эрх зүйн зохицуулалт” судалгааны үр дүнг өчигдөр танилцуулав. Энэ үеэр “Виндекс” ХХН-ийн өмгөөлөгч, хуульч Б.Баялагмаа тус судалгаанд өгөх олон улсын харьцуулсан дүгнэлтийг танилцуулсан юм. Тэрбээр “Мета” компани АНУ-ын хууль тогтоомж, Европын холбооны удирдамжийг нийцүүлж стандартаа боловсруулдаг. Мөн маргаан гарвал аль улсын хууль баримтлах, аль улсын шүүх хянан шийдвэрлэх вэ гэдгээ тодорхой заасан байдаг. Гэтэл манайд үндэсний тогтолцоогоо бүрдүүлж, платформтой хамтарч хууль хэрэгжүүлэх боломж бүрдээгүй. Тиймээс зөвхөн коммунити стандартад найдах нь зохимжгүй. Иймд үндэсний эрх зүйн тогтолцоонд суурилсан хууль тогтоомжоо хэрэгжүүлэхэд гол хүчин чармайлтаа гаргах ёстой. Монгол Улс хэрэглэгч орны хувьд олон улсын платформ хэрэглэгчид давамгайлдаг тул энэ олон механизмыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Манай улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль бус контентыг хязгаарлах харилцааны тэнцвэртэй байдлыг хадгалах зайлшгүй шаардлагатай. ЮНЕСКО баталсан дижитал засаглалын удирдамжийг хэрэгжүүлэх ёстой. Үүнд платформын үүрэг, Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, хариуцлагын тогтолцоо бүгдийг нь заасан. Манай улс эдгээрийг зарим тохиолдолд хэрэгжүүлж чадаж байна. Гэхдээ тогтвортой, урт хугацааны үр нөлөөтэй тогтолцоо бүрдүүлэх нь чухал” гэв.
Мөн тэрбээр Монгол Улсад сошиал медиа, банк санхүү, арилжаа эрхлэгчид дижитал, хиймэл оюунд суурилсан олон үйлчилгээнд хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулж байгаа асуудлыг зохицуулах ёстойг хөндсөн. Бүх үйл ажиллагаа медиа платформ дээр өрнөж буй мэт, шүүх хурлыг хүртэл ингэж дамжуулж байгаа нь хувийн мэдээллийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд платформоос хараат болох вий гэсэн эрсдэл дагуулж буйг сануулсан юм.