Манай улс өчигдрийн байдлаар 17 улс руу 75.3 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн болон 103 010 толгой мал экспортолсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр махны борлуулалтаас 305.3, малынхаас 9.9 сая гаруй ам.долларын орлого олсон байна. Мах, махан бүтээгдэхүүний 63 хувийг БНХАУ руу, 21 хувийг нь булангийн орнууд руу нийлүүлжээ. Борлуулалтад богийн мах 56, адууных 34, үхрийнх 10 хувь орчим байсныг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн дурдав. Тэрбээр “Оны эхний 11 сарын экспортын дүнгээс харахад энэ жил түүхэн дээд хэмжээг давахуйц мал, мах борлуулах төлөвтэй. Манай улс 2023 онд 80.4 мянган тонн мах экспортолсон нь хамгийн өндөр дүн болж байлаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Монгол болон БНХАУ-ын махны үйлдвэрүүд, экспортлогч, худалдан авагч компаниуд болон төрийн байгууллага хооронд B2B уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаар хоёр талын зохицуулалтын орчныг уялдуулах, мэдээллийн солилцоог сайжруулах, гоц халдварт өвчний хамтарсан хяналтыг үр дүнтэй болгох талаар ярилцсан. Мөн адууны дайвар бүтээгдэхүүн худалдах, худалдан авах протокыг шинэчлэн баталлаа. Ингэснээр ойрын хугацаанд урд хөрш рүү адууны дайвар бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдэнэ. Ер нь урд хөршийн хэрэглэгчид малын дайвар бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой. Тиймээс ийм бүтээгдэхүүний чанар, боловсруулалтыг дээшлүүлж, бэлтгэн нийлүүлэхэд анхаарч байна” гэв. БНХАУ-ын зах зээлд мах, махан бүтээгдэхүүний эрэлт жилээс жилд өсөж буй бөгөөд энэ нь манай орны махны салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх таатай нөхцөл болж буйг тус яамнаас онцлов.
С.Дулам