Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны өчигдрийн хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцлээ. Тухайлбал, шатахууны нийлүүлэлт, үнэ, бодлогын зохицуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх сумын хангалтыг хэвийн байлгахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Мөн шатахууны бөөний тусгай зөвшөөрлөөр импортлогчоос бүтээгдэхүүн худалдан авч, үнэ өсгөн борлуулдаг асуудалд хяналт тавих шаардлагатайг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлсэн. Импортын тусгай зөвшөөрөлтэй атлаа удаан хугацаанд ашиглаагүй компаниудыг импортод оролцож, хангамж нэмэгдүүлэхийг шаардах, шаардлагатай бол эрхийг нь цуцлах ёстойг дурдав. Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын мэдээллийг бэлтгэх, ашиглалтад оруулах хугацаа болон ажил саатаж байвал шалтгааныг нь тайлагнахыг шаарджээ. Газрын тос болон ашигт малтмалын хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг тасралтгүй зарлаж, талбай “дарж үлдэх” болон давхардлын асуудалд хяналт тавьж, зохицуулалтыг нь сайжруулахыг АМГТГ-т даалгасан байна. Улмаар албан ёсны цахим хуудсанд мэдээллийг тогтмол байршуулж, ил тод байдлыг хангахыг санууллаа.
С.ДУЛАМ