Өвлийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг биатлоны “Дэлхийн цом”-ын 2025-2026 оны улирал эхэллээ. Өвлийн олимпын наадам болох энэ улирлаас бид юуг онцлох ёстой вэ?
ЛИЗА, УРАГШАА

Л.Виттоцци эргэн ирж буй нь биатлоны спортын нэгэн эерэг мэдээ юм. Итали тамирчин их спортдоо ирэхээр эртнээс бэлтгэж, “Дэлхийн цом”-д оролцох төлөвлөгөөтэй байсан ч нурууны ужиг өвдөлтөөс шалтгаалж, өнгөрсөн улирлын ихэнх тэмцээнийг өнжсөн билээ. Үүний улмаас дэлхийн шилдэг эмэгтэй биатлонч хэмээх алдраа Лиза хамгаалж чадаагүй юм.
Харин энэ улиралд түүний хариуцлага хоёр дахин нэмэгдсэн. Эх орондоо болох олимпын наадамд шигшээ багийн лидерийн хувьд амжилттай оролцохоос гадна олимпын наадмаас ганцаарчилсан төрөлд нэг ч медаль хүртэж чадаагүй алдаагаа Л.Виттоцци засах ёстой болно. Өдгөө 30 настай тэрбээр замналын оргил үедээ ирсэн учраас ямархуу амжилт үзүүлэх нь энэ улирлын хамгийн сонирхолтой ярианы нэг байх нь гарцаагүй. Эстерсундед болсон эмэгтэй болон холимог буухиа тэмцээнээс харвал Лиза тун сайн формтой байна. Энэ нь түүний хөгжөөн дэмжигчдэд сайн мэдээ билээ. Энэ улиралд тэрбээр “Дэлхийн цом”-д нийлбэр дүнгээр эхний гурван байрт орж, олимпын наадамд одтой оролцож чадах уу.
Э.ПЕРРОГИЙН ОРГИЛ ЦАГ

2025 онд Ленцерхайдед болсон ДАШТ-ээс Э.Перро медалийн арвин олзтой нутаг буцсан. Тэрбээр хоёр алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль хүртсэнээс гадна “Дэлхийн цом”-ын гурван гараанд түрүүлснээр нийлбэр дүнгээр С.Легрейд, Й.Бегийн дараа гуравдугаарт шалгарсан билээ.
Харин энэ жил франц залуугийн ид хаваа гайхуулах цаг ирнэ. Ах дүү Бе спортоо орхиж, багийнх нь туршлагатай андууд болох К.Майе, Э.Жаклены оргил үе өнгөрч байна. Тиймээс энэ улиралд түүнтэй өрсөлдөх гол хүн бол өмнө нь түүнд ялагдаж байсан С.Легрейд юм. Тиймээс Эрик энэ жил биатлоны спортын супер од болж магадгүй.
СТУРЛА ХЭР УРАЛДАХ ВЭ

Норвегийн багийн ахлагчаар С.Легрейд хэвээр үлдсэн. Өдгөө 28 настай тэрбээр “Дэлхийн цом”-д нийлбэр дүнгээр тэргүүлж, ДАШТаас долоон алтан медаль хүртэж байлаа. Түүнд олимпын алтан медаль ч бий. Гэхдээ уг медалиа тэрбээр эрэгтэйчүүдийн буухиа уралдаанд хүртсэн агаад эхний гараанд алдаа гаргаж, торгуулийн тойрогт орж байсан удаатай.
Түүнээс хойших дөрвөн жилд багагүй зүйл өөрчлөгдсөн. Ирэх жилийн олимпод С.Легрейд буухиа уралдаанд финишер хийх өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, Бээжинд гаргасан алдаагаа тэр дахин давтах ёсгүй. Тэр хэрээр энэ улиралд Норвегийн агуу багийн ахлагч С.Легрейдийг ажиглах нь сонирхолтой байх болно.
Д.ВИРЕРИЙН СҮҮЛИЙН БҮЖИГ

Антхольцод болох уралдааны дараа Д.Вирер зодог тайлах нь гарцаагүй юм. Ингэснээр биатлоны ертөнц нэгэн супер одоо “алдах” болно. Гэхдээ үүнээс өмнө түүнд гүйцээх ёстой ажил бий. 2026 оны олимпын наадам нэрт тамирчны гайхалтай замналын оргил мөчийн нэг байх бүрэн боломжтой. Хэдий Д.Вирер супер биатлонч, олон том тэмцээнд өндөр амжилт гаргаж байсан ч олимпын наадамд азгүйтсээр ирсэн. Түүнд олимпын гурван хүрэл медаль л бий. Түүн шиг агуу тамирчныг биатлоны бурхан тэнгэр олимпын алтаар шагнахгүй бол шударга биш хэрэг болно.
ЖАНМОННОГИЙН ӨШӨӨ АВАЛТ

Л.Жанмонно бол өнгөрсөн жилийн “Дэлхийн цом”-ын азгүйчүүдийн нэг юм. 2024-2025 оны улирлын турш нийлбэр дүнгээр Ф.Пройстой энэ тэнцүү өрсөлдсөн ч Хольменколленд болсон улирлын сүүлчийн гарааны сүүлийн тойрог дээр хальтирч унаснаар ялалтаа алдсан билээ. Биатлоны түүхэнд ийм сонирхолтой дуэль хоёр тамирчны хооронд улирлын турш өрнөсөн түүх ховорхон.
Тэрхүү түүх энэ улиралд ч давтагдаж магадгүй. Тэр тусмаа оновчтой буудлага, өндөр хурд, том зорилготой Л.Жанмонно өнгөрсөн жилийн бүтэлгүйтлээ мартаж, хариугаа авахыг хүсэж байгаа нь гарцаагүй.
Н.Энх