Шатахууны нийлүүлэлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход анхаарч буй гэнэ. Баруун бүс рүү төвөөс шатахуун тээвэрлэн хүргэж байгаа бөгөөд Эрээнцав боомтоор уржигдрын байдлаар 16 чингэлэг АИ-92 авто бензин татан авчээ. Говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн хангахаар салбарын яам, импортлогч байгууллагууд хамтран ажиллаж байна гэв.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Нүүрсний бодит экспорт нэмэгдэж буй учраас дизель түлшний хэрэглээ өсөн, түгээлтэд доголдол гарсан. Мөн дизелийн түлшний үнийг өсгөж байгааг тодорхой хэмжээнд зохицуулна” гэлээ. Шатахууны гол нийлүүлэгч ОХУ-аас энэ сард 85 000 тонн АИ-92 авахаар болсон нь өнгөрсөн сарынхаас 10 000 тонноор өссөн дүн аж. Мөн БНХАУ-аас 10 мянган тонн дизель түлш импортлох гэнэ. Бүх бүтээгдэхүүний захиалгыг баталгаажуулсан тул нийлүүлэлт тасрахгүй, хэвийн үргэлжилнэ гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.
С.Цэрэн