Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14-д заасан худал мэдээлэл тараах заалт нь Үндсэн хуульд заасан үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрхийг зөрчсөн гэж дүгнэж, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эл заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүү гийн хуулийн энэхүү заалт нь албан тушаалтнуудын сэтгүүлчдийг залхаах арга хэрэгсэл болсоор ирсэн билээ. Тэгвэл Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээнээс “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт ба Эрүүгийн хуулийн 13.14” санал солилцох уулзалтыг өчигдөр “Хэвлэлийн хүрээлэн”-гийн Мэдээллийн төвд зохион байгууллаа. Тус уулзалтад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн мэргэшсэн хуульч, судлаач болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцов. Тухайлбал, сэтгүүлч Ж.Баттуул Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт болон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний уялдаа холбооны талаар мэдээлэл хуваалцаж, хуульч Т.Сумъяабазар “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн хэрэгжилтэд үүсэж буй сорилтууд” хэмээх илтгэл хэлэлцүүллээ. Мөн МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч З.Боргилмаа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн ач холбогдлын талаар шинжээчийн байр сууриа илэрхийлсэн юм.
Уулзалтад оролцогчид Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нь түүхэн шийдвэр гэдгийг онцолж, хэвлэл мэдээллийг хараат бусаар ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Тухайлбал, хуульч Т.Сумъяабазар “Хэн нэгнийг үзэл бодлынх нь төлөө шүүж, итгэл үнэмшлийнх нь төлөө хариуцлага оноож, хэлмэгдүүлж болохгүй. Эрүү гийн хуулийн 13.14 гэх заалтыг 21 дүгээр зууны хэлмэгдүүлэлтийн сонгодог арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Оноож буй ял нь бага гэж тайлбарладаг. Гэвч Эрүүгийн хариуцлага л бол хариуцлага. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээн зорилгодоо хүрч чадахгүй нөхцөлд очих гээд байна. Хүнийг үгээ хэлснийх нь төлөө яллаад байвал яаж ардчилсан нийгмийг бүтээх вэ. Төр засгийн хууль бус үйлдлийг хэн илчлэх юм, иргэд яаж мэдэх юм. Иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг харин ч бэхжүүлэх шаардлагатай. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, Үндсэн хуульд заасан эрхэд халдсан асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Бид мэдээлэл гаргагч нэг ч иргэн хүний нэр төрд халдаж болно гэдэг агуулгаар гомдол, мэдээлэл гаргаагүй. Үндсэн хуульд нэр төр бол халдашгүй байна гэж заасан. Гэтэл нөгөө талд үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх гэж бий. Тэгвэл эрх, үүрэг хоёрын тэнцвэрийг яаж хадгалах ёстой вэ. Үүргийг нь хангах байна гээд эрхийг нь зөрчиж болох уу. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зорилго байж болох ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж болохгүй. Зорилго нь аргаа зөвтгөхгүй” гэв.
Ташрамд, Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэх бөгөөд Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг Эрүүгийн хуулиас хасах, эсэх асуудал нь хууль тогтоогчдын шийдвэрээс хамаарах юм. Улс төрчид энэхүү заалтаар сэтгүүлч дийн эсрэг гомдол гаргаж, залхаан цээрлүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж ирсэн муу жишгийг халахын тулд хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцсэн нь онцлог байлаа.
Ч.Болор