Монгол Улсад эдийн засгийн салбар бүрд ногдох хүлэмжийн хийн ялгарлын дата мэдээллийн нэгдсэн сан байхгүй, компаниудад санхүүжилт олгосон харилцагч талууд ч энэ тухай тайлагнадаггүй зэрэг нь тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд санхүүжүүлсэн хөрөнгийнхөө тайлан мэдээг гаргахдаа хүлэмжийн хийн ялгаруулалтын итгэлцүүрийг олон улсын жишгээр тооцоолон, нийтэд нээлттэй, мэдээллийн нэгдсэн санд оруулдаг байхыг PCAF зэрэг хөндлөнгийн байгууллагаас зөвлөжээ. Үүний тулд нэн түрүүнд компаниудын дотооддоо баталсан аргачлалаар гаргасан хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан, тооцооллыг хөндлөнгийн байгууллагаар хяналт хийлгэж, олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах шаардлагатай аж.
Мөн “offset” буюу хүлэмжийн хийн шингээлтийг зөв тооцох, байгууллагын дотоод үйл ажиллагааг ил тод болгох, ногоон зээлийн багц бүрдүүлэх зэргээр бизнесүүдийг төрөлжүүлснээр үүнийг бууруулах боломжтойг зөвлөжээ. Томоохон компаниудын хувьд олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллага болон үнэлгээний агентлагаар тогтвортой хөгжлийн үнэлгээг хийлгэн, цаашид гадаадын зах зээлээс ногоон бондын эх үүсвэр татах ч бүрэн боломжтой юм.
Г.Сансар