УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа. Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай аж. Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй, үндэслэлгүй, нуугдмал, авлигынх байж болзошгүй хөрөнгө, орлогыг өмнө нь өршөөн, татварын хариуцлагаас чөлөөлснөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл үүсгэсэнд тооцогдон манай улс “Саарал жагсаалт”-д орсон, өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байгааг тус яамныхан онцоллоо. Улмаар татварын шинэчлэлийн хүрээнд өр төлөх хугацааг уян хатан тогтоож, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжин, 3-4 их наяд төгрөгөөр татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцож буй гэнэ. Тиймээс улсын эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, татварын тогтолцоо, шударга ёс, хууль дээдлэх зарчим зэрэгт өршөөл хортойг хөндөн, татвар төлөгчдийн дунд ойлгомжгүй, тогтворгүй байдал бий болгон, бодит бус хүлээлт үүсгэхгүй байхыг Сангийн яамнаас уриаллаа.
С.Дулам