Засгийн газраас нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тусгай ажлын хэсэг байгуулсан. Үүний хүрээнд гааль, татварын байгууллагуудад хяналт, шалгалт хийж, авлигын олон ноцтой хэрэг илрүүлсэн байна. Тодруулбал, нэр бүхий гаалийн байцаагчид зуучлагч иргэдтэй үгсэн хуйвалдаж, олон удаагийн үйлдлээр гаалийн татварын орлогоос 13.5 тэрбум төгрөг зувчуулсан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 131 аж ахуйн нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Тиймээс Ерөнхий сайд баасан гарагт Улаанбаатар хотын Гаалийн газарт ажиллаж зарим үүрэг, чиглэл өгчээ. Юуны өмнө гаалийн бүрдүүлэлтийг хиймэл оюун ашиглан, 100 хувь цахим болгохыг тус байгууллагын удирдлагуудад үүрэг болгожээ. Мөн албан тушаалын эрсдэл өндөр 50-70 байцаагчийг яаралтай ротацид оруулахыг даалгав. Түүнчлэн аж ахуйн нэгжийг том, жижиг гэж ялгалгүй нэг шалгуур, стандарт мөрдүүлэх, танилын бараа хэмээн ялгавартай хандах, онцгой шугам гэх авлига, арын хаалганы үйлдлүүдээ таслан зогсоохыг хатуу анхааруулсан аж.
Энэ оны эхний 11 сард гаалийн байгууллага улсын төсөвт 7.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөтэйгээс 80 хувийг нь оруулжээ. Төлөвлөгөө дутуу байгаагийн шалтгааныг тодорхойлж, яаралтай Засгийн газарт танилцуулахаар болсон гэнэ.
С.Уул