ЭМЯ-наас уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шилжих зорилт тавин, үүний хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус уулзалтад аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох дэлхий нийтийн чиг хандлага, бодлого, эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй бэрхшээл, туршлага, уур амьсгалд тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй тогтолцоог нэвтрүүлэх арга замыг эрэлхийллээ.
Дэлхийд жилд дунджаар 12.6 сая хүн нас бардгийн 23 хувь нь буюу дөрвөн хүн тутмын нэг нь хүрээлэн буй орчноос шалтгаалсан өвчлөлөөр цаг бусаар эндэж буй гэнэ. Уг нас баралтын дотор халдварт бус өвчин, тэр дундаа тархины цус харвалт, зүрхний ишеми, осол, гэмтэл, амьсгалын замын архаг үрэвсэл, суулгалт голлон тохиолдож байна.
Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар нь найдвартай усан хангамж, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуй, хог хаягдлын зохистой менежмент, эрчим хүчний тогтвортой байдалтай салшгүй холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөлөл эрүүл мэндийн тогтолцоог эмзэг болгож, чадавхыг сорьж буйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, манай улсад ч эл нөхцөл байдал аюултай түвшинд хүрснийг ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат хэллээ. Тэрбээр “Сүүлийн 80 жилд манай улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр дулаарч, хур тундас мэдэгдэхүйц буурч, газрын нутгийн 76.9 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн. Тэр хэрээр экосистем хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл болж байна” гэв. Иймд эрүүл мэндийн байгууллагуудын дэд бүтцийг ногоон болгох, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, ус ба ариун цэврийн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.
О.Оргилох