ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв, Ургамал хамгааллын газар зэрэг байгууллагын төлөөлөл Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн хөгжлийн хурдасгуур, Байгалийн нөөцийн зүй зохистой ашиглалт” төслийн олон улсын зөвлөхүүд буюу Австралийн мэргэжилтнүүдтэй өнгөрсөн баасан гарагт уулзан, санал солилцжээ. Олон улсын төслийн зөвлөхүүд Австралийн мал аж ахуйн салбарын тогтолцоо, зохион байгуулалтын талаар танилцуулсан байна. Тус улсын хөдөө аж ахуйн салбар нь 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд мах болон малын экспортоор дэлхийд тэргүүлдэг аж. Австраличуудын малын тоо манай улсынхтай ойролцоо буюу үхэр 30.1, хонь 73.2, ямаа 3.4 сая орчим толгой байдаг. Тэд 2024 онд дэлхийн 104 оронд мах экспортолжээ. Энэ нь манай улсад ч мах, малын экспортын өргөн боломж бийг илэрхийлж байгааг дээрх уулзалтын үеэр талууд хөндөв. Цаашид манай орон мал, махны борлуулалтаа олон улсад өсгөхийн тулд эрчимжсэн болон бэлчээрийн аж ахуйг хослуулан хөгжүүлж, тодорхой бүс нутагт тусгаарласан аж ахуй бий болгон, ДЭМБ-ын шаардлагыг хангасан экспортыг нэмэгдүүлэхэд Австралитай хамтран ажиллах боломжтой гэнэ. Мөн тус улсын сайн туршлагыг судалж хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой зохион байгуулахад анхаарч ажиллах талаар талууд санал солилцсоныг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
С.Цэрэн