Дэлхий даяар далайд гарцгүй 44 орон байдгаас 32 нь хөгжиж буй улс аж. Эдгээр улсад тээврийн өртөг өндөр, үүнээс үүдэлтэй өрсөлдөх чадвар сул, гадаад худалдааны эргэлт бага, экспортын барааны нэр, төрөл цөөн, дэд бүтэц муу хөгжсөн бөгөөд ихэнх нь буурай хөгжилтэй гэнэ. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын бараа, бүтээгдэхүүн дунджаар 1370 км газрыг туулж далайн боомтод хүрдэг гэсэн статистик бий. Мөн дамжин өнгөрөх орнуудын дэд бүтэц, зохицуулалт, бусад хүчин зүйлээс шалтгаалж тээврийн зардал улам нэмэгдэн, экспортын өрсөлдөх чадварыг хязгаарлаж буйг НҮБ болон Гадаад харилцааны яамныхны хамтарсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын худалдаа ба тээврийн бодлого” сэдэвт үндэсний сургалтаар хөндлөө. Тиймээс далайд гарцгүй орнууд нь бараа, бүтээгдэхүүнд суурилсан эдийн засгаа нэмүү өртөг шингээсэн, тогтвортой, үйлчилгээ рүү шилжүүлэн төрөлжүүлэх, харилцан уялдаа холбоогоо сайжруулах нь чухал гэдгийг дээрх сургалтад оролцогчид онцолсон. Түүнчлэн дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлээс хамгаалахын тулд бүс нутагтаа хилийн шинэчлэл болон дижитал шилжилтийг нэвтрүүлэх шаардлагатай гэв. Дээрх үндэсний сургалтад Зам, тээврийн болон Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТ, Гаалийн ерөнхий газар, Монгол Улсын далайн захиргаа зэрэг байгууллагын төлөөлөл оролцжээ.