Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс хэргийн газрын ул мөрийг гурван хэмжээст дүрслэлээр хянах өндөр нарийвчлал бүхий төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал, хэргийн газрын үзлэгийн нарийвчлал, түүний бодит байдлыг нэмэгдүүлэх, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шинэ түвшинд гаргаж, виртуал орчинд нотлох баримтыг бүрэн хэмжээгээр дахин сэргээх боломжтой болсныг мэргэжилтнүүд онцлов. Түүнчлэн эл төхөөрөмж улсын хэмжээнд анх удаа нэвтэрч буй нь энэ аж.
Энэ талаар дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарангэрэл “Тус төхөөрөмж хэргийн газрыг виртуал орчинд дүрслэх, дахин загварчлах, илэрсэн ул мөр, эд мөрийн баримтыг гурван хэмжээст байдлаар хадгалах боломжийг олгож буй” хэмээжээ. Орчин үед дэлхийн цөөнгүй улс 3D, VR технологийг мөрдөн шалгах ажиллагаанд ашиглаж байна.
Д.Хэрлэн