Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр энэ сарын 7-8-нд шилжих шөнө гурван өрхийн долоон иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт нэг өрхийн хоёр, Налайхад мөн нэг гэр бүлийн хоёр, Чингэлтэйд нэг айлын гурван иргэн угаартсан дуудлага, мэдээлэл иржээ. Тэд 6-45 насных бөгөөд дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, нэг иргэнд гэрт нь зөвлөгөө өгсөн бол хүнд хэлбэрээр хордсон хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хийд хордсон гэх дуудлагын дагуу ажиллаж, зөвлөгөө мэдээлэл өгч буй. Нийслэлийн хэмжээнд айл өрхийг энэ сарын 1-нээс хагас коксон түлшинд бүрэн шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, сайжруулсан шахмал түлш, мидлинг буюу түүхий нүүрс түлэхийг хориглосон юм. Гэвч БНХАУ-аас оруулж ирж буй хагас коксон түлшинд хордож, эмнэлгийн тусламж авч буй иргэд нэгээр зогсохгүй байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүрэгт 5-11 насны гурван хүүхэд угаартаж, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлжээ. Мөн урьд өдөр нь Сүхбаатар дүүрэгт 56 настай эмэгтэй угаарын хийд хордсон байна. Угаарын хийгээр амьсгалах үед хорт хий цусанд нэвчин, хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг алдагдуулан улмаар эд, эрхтэнд ноцтой гэмтэл учруулж үхэлд хүргэх аюултай.
Ташрамд, “Тавантолгой түлш” компани өчигдрийн байдлаар 33 мянган савласан коксон түлшний нөөцтэй байна. Өдгөө түлшний 56 дахь цувааг урд хөршөөс хүлээн авчээ.
Ч.Туяа