Газрын ховор элементийн (ГХЭ) хэтийн төлөвийн судалгааг өчигдөр АМГТГ-аас танилцууллаа. Манай орны хувьд одоогоор ГХЭ-ийн бүртгэлтэй зургаан орд байгаагаас 500 орчим сая тонн хүдэрт 2.4 сая тонн исэл агуулагдаж буй гэнэ. Түүнчлэн ГХЭ-ийн хайгуулын долоо, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас нийт 11.5 тэрбум төгрөгийг хайгуулд зарцуулжээ. Харин ТЭЗҮ-ийг нь хийсэн ч ашиглаж эхлээгүй хоёр төсөл бий бөгөөд үйлдвэрлэл эхэлбэл 20 жилийн хугацаанд 22.6 их наяд төгрөгөөр үнэлэхүйц 20.5 сая тонн бүтээгдэхүүн борлуулж, 1000 орчим ажлын байр үүсгэхээр төлөвлөснийг АМГТГаас мэдээллээ. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ. Түүнчлэн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн найман төслийн хүрээнд 2026-2058 онд ГХЭ-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл нийт 30 орчим сая тонн баяжмал гарган, 11.1 их наяд төгрөгөөр борлуулах гэнэ. Үүнээс төсөвт 5.1 их наяд төгрөгийг төвлөрүүлэх боломжтой аж.
Дээрх төслүүд жилд дунджаар 553-903 мянган тонн баяжмал үйлдвэрлэж, улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр 65-326 тэрбум төгрөг “тушаах” хэтийн төлөв бий аж. Ташрамд дурдахад, өнгөрсөн жил дэлхий нийтэд ГХЭ-ийн үйлдвэрлэлийн 109.4 сая тонн нөөц бий гэж тооцсоноос 30 орчим хувь нь БНХАУ-д ногджээ. 2024 онд 400 000 тонн ГХЭ олборлосны 67 хувийг БНХАУ, 11 хувийг АНУ нийлүүлсэн байна.
С.Дулам