Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өчигдрийн хурлаар бодлогын хүүг 12 хэвээр хадгалах шийдвэр гаржээ. Эл шийдвэрийг БНХАУ болон АНУ-ын худалдааны татварын бодлого тодорхойгүй хэвээр, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл өндөр байгааг харгалзсан гэнэ. Мөн сүүлийн саруудад инфляц аажим өсөн, арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувьтай гарсан, цаг агаарын нөхцөл муудах, махны үнэ өсөх, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байх зэрэг эрсдэл өндөр байгаа нь нөлөөлсөн аж. Мөн тэтгэврийн зээлийн үлдэгдлийг өсгөхгүйгээр хугацааг нь 36 сараар нэг удаа сунгасан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүй байхаар шийдвэрлэжээ. Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдлийг 100 болгон бууруулж, тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөцөөс хасахаар болсон байна. Үүнээс гадна манай улсын ДНБ энэ оны гуравдугаар улиралд 5.9 хувь буюу хүлээлтэд нийцтэй байжээ. Цаашид эдийн засгийн өсөлт 5.6 хувьд хүрч бага зэрэг саарах ч томоохон төслүүдийн хэрэгжилт, гадаад, дотоод эрэлт, түүхий эдийн үнийн өсөлт зэргээс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүйг Төвбанкнаас тодотголоо.
С.Цэрэн