БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо үргэлжилж буй НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн VII чуулганы “Хаягдал ус-шийдэл болох нь” хэлэлцүүлэгт оролцохдоо Монгол Улсын усны нөөц урт хугацаанд долоо орчим хувиар багасаж, мөсөн голын ууршилт сүүлийн 80 жилийн хугацаанд бараг 70 хувьд хүрснийг онцлов. Тэрбээр энэ үеэр “Бохир ус бол хаягдал биш, харин боломж дүүрэн нөөц. Хаягдал усыг хуурай гандуу, эмзэг бүс нутгийн иргэдийн амьдралын чанарыг бэхжүүлж, тэсвэртэй байдлыг сайжруулах, тогтвортой хөгжлийн хөдөлгөгч хүч, нөөц болгох боломжтой. Тиймээс хаягдал усыг нөөц болгох, дахин ашиглах уриалга дэвшүүлж байна” гэжээ.
Мөн Усны газраас уул уурхайн зориулалтаар 2024 онд хамгийн их ус ашигласан 10 байгууллагыг нэрлэлээ. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой”, “Багануур”, “Цэцэнс майнинг энд энержи”, “Энержи ресурс”, “Монголросцветмент”, “Петрочайна дачин тамсаг”, “Бороо гоулд”, “Шивээ овоо”, “Эрдэнэс Тавантолгой” компани хамгийн их ус ашигласан аж. Эдгээр компанийн нийт ашигласан усны хэмжээ 54.4 сая шоо метр гэнэ. Иймд дээрх компаниуд усны нөөцийг хэмнэж, дахин ашиглах хувь хэмжээгээ нэмэгдүүлэх нэн шаардлагатайг Усны газраас мэдээлсэн юм. Түүнчлэн тус байгууллага энэ онд усны нөөцөд хохирол учруулсан 55 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дөрвөн тэрбум ор чим төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
У.Сүрэн