“Эрэл” компанийг үүсгэн байгуулагч, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллаж байсан филиппин эмэгтэй Террил Атиенза 34 насандаа манай улсад цаг бусаар таалал төгссөн. Хэдийгээр манай хууль хяналтын болон шүүх шинжилгээний байгууллагаас бүрлээч эмэгтэйн нас барсан шалтгааныг гаднын нөлөөгүй гэж үзэж хаасан ч ар гэрийнхэн нь санал нэгдэхгүй буйгаа илэрхийлэн 2012 оны дөрөвдүгээр сард эх орондоо жагсаал, цуглаан зохион байгуулж байсан юм. Тэгвэл Террил Атиензагийн нөхөр болон охид нь 14 жилийн дараа шударга ёсыг нэхэж Монголд ирлээ. Тэд өчигдөр ирсэн даруйдаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хэвлэлийн хурал хийж, хаагдсан хавтаст хэрэгтэй танилцах, хэргийг сэргээн шалгуулах хүсэлтийг прокурор, мөрдөх байгууллагад өнөөдөр гаргахаа мэдэгдсэн юм. Тэд “Ээжийгээ алдсаны дараа манай гэр бүлийн амьдрал туйлын хүнд болсон. Тухайн үед бидэнд юу ч байгаагүй. Аав минь давхар ажил хийж, сэтгэл санааны уналтад орж, хүндээр өвдөн амиа алдахад ч ойрхон байсан. Сингапурын агентлаг ээжийг минь хүний наймааны золиос болгож, Монгол руу явуулсан. Филиппин улс зөвхөн баян хүмүүсийг л хамгаалдаг, ядуу бид хэн ч биш. Монгол Улс гэхээр олон жилийн турш айдас төрдөг байлаа. Монгол гэдэг үг сонсохоор л ээжийн минь үхэл санаанд ордог байлаа. Ээж маань яваад хэзээ ч эргэж ирээгүй газар гэж бодогддог байсан. Гэхдээ өнөөдөр энд ирж, ээжийнхээ үхлийн үнэн мөнийг олохоор зогсож буйдаа итгэж чадахгүй байна. 14 жилийн өмнө хийсэн хоёр дахь задлан шинжилгээгээр түүний биед хөхрөлт, зүсэлт, тамхины цогонд түлэгдсэн ул мөр илэрсэн. Албаныхан амиа хорлосон, эсвэл хүнд хордлогод орсон гэж тайлбарласан ч хүчтэй тэмцлийн ул мөр тодорхой харагдаж байлаа. Ээж маань амьд үлдэж, хүүхдүүддээ эргэж ирэхийн төлөө эцсээ хүртэл тэмцсэн нь илт байсан. Тэр биднийг хэзээ ч орхих хүн биш. Ээжийг минь хөнөөсөн хүмүүс зүрхийг нь авч үлдсэн. Миний ээжийн зүрхийг яагаад авсан юм бэ. Шударга ёс тогтоно гэдэгт одоо л итгэж байна. Одоо ээжийн минь сүнс тайван нойрсож чадна. Та бүхний тусыг манай гэр бүл хэзээ ч мартахгүй. Бүхэл бүтэн улс бидний талд байна” гэсэн юм.

Г.Орчлон