Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь. СЕХ есөн гишүүнтэй, үүнээс хоёр дарга болон нарийн бичгийн дарга нь орон тооны, бусад нь орон тооны бус юм. Тэдний тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, үлдсэн гишүүдийг Дээд шүүхийн төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Мөн хорооны дарга, нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос парламентын спикер санал болгосноор УИХ-аас томилдог юм байна.
П.Дэлгэрнаран бол парламентаас санал болгосон гишүүн бөгөөд тэрбээр 2020 оны наймдугаар сарын 29-нд СЕХны дарга болсон билээ. Өөрөөр хэлбэл, бүрэн эрхийнх нь хугацаа найман сарын дараа дуусна. Гэвч тэрбээр өөрөө ийнхүү хүсэлтээ өгчээ. Тиймээс хуулийн дагуу түүний орны хүнийг тус хорооны гишүүд дотроос тодруулах нь.
С.Уул