Монгол оронд өнгөрсөн долоодугаар сараас хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй, харьцангуй тайван байв. Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа, Жаргалант багт шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, найман өрхийг тусгаарлан, малыг нь шинжилгээнд хамруулахад заримынх нь онош батлагдсан байна. Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Улаан-Ухаа багийн цөөн тооны хониноос шүлхий илэрсэн. Жаргалант багт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн ч онош үгүйсгэгдсэн. Харин үхэр сүрэг өвчилсөн зүйлгүй” гэлээ.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний эерэг хариу бүхий дүгнэлтийг энэ сарын 15-нд орон нутгийн удирдлагууд хүлээн авчээ. Үүний дагуу хязгаарлалтын дэглэм тогтоох тухай сум, багийн Засаг даргын захирамж гарч, голомтот болон эрсдэлтэй бүсээс ямар ч тохиолдолд мал, малын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хатуу хориглож. Мөн бог малаас бодыг тусгаарлах арга хэмжээг нэн яаралтай авсан аж. Иймд тухайн сум, багт хязгаарлалтын дэглэм зөрчиж, мал нүүлгэн шилжүүлсэн, нуусан, хашаалсан малчдад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцохыг анхааруулж, шүлхий өвчний ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрсэн даруйд сумын Мал эмнэлгийн тасагт нэн даруй мэдэгдэхийг үүрэг болгожээ.
Манай улс гоц болон халдварт таван төрлийн өвчний эсрэг вакцинд бог, бод малаа хамруулдаг. Хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах, шүлхий, боом нь олон улсын хорио цээрт өвчний ангилалд багтдаг тул эдгээр өвчин дэгдвэл гадаад харилцаа, тэр дундаа мал, махны экспортод хориг тавигддаг билээ. Тиймээс төрөөс тухайлбал, шүлхий өвчний вакциныг жилд хоёр удаа гэхчлэн товлолын дагуу хийдэг ч бүх малыг хамруулах боломж, нөөц, төсөв хомс хэвээр байгааг албаныхан хэллээ.
О.Оргилох