Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арванхоёрдугаар сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн зудын эрсдэлийн үнэлгээг гаргажээ. Тодруулбал, зудын эмзэг байдлыг 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, зуны бэлчээрийн ургац, малын тарга хүч авсан байдал, бэлтгэсэн хадлан өвс, тэжээл, малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ, төв суурин газраас алслагдсан айл өрх, хүн амын тоо, малчин өрхийн хашаа, бууцны хангамж, худаг усны хүртээмж, зудын өртөнгийн үнэлгээг нийт малчин, ам бүл, малын тоо зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулсан байна. Зудын эрсдэлийн аюул, эмзэг байдлаар тооцоолсон ерөнхий үнэлгээгээс харахад өвөлжилт хүндрэх эрсдэл нийт нутгийн 23 хувьд маш их, 58 хувьд их, 18 хувьд дунд, нэг хувьд бага байхаар гарчээ. Тухайлбал, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн ихэнх, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар зудын эрсдэл ихтэй байх төлөвтэй гэнэ. Иймд өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг агаарын урьдчилсан болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглахыг онгцгой байдлын байгууллагаас сануулав.
Ч.Туяа