Боловсролын ерөнхий газрынхан БНСУ-ын өмнөд Чүнчон мужийн Боловсролын газартай энэ оны тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Үүний хүрээнд тус мужийн Боловсролын газрын Боловсролын хэлтсийн дарга Ким Кён Ху, менежер Жон Жэдун, мэргэжилтэн Гу Санхён, Хан Сон Гён нар Монголд өчигдөр ирэв. Тэд санамж бичигт тусгасны дагуу боловсролын байгууллагуудад цахим тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Энэ удаад МУБИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуульд 60 хромбүүк, ухаалаг дэлгэц нийлүүлэв. Цаашид google хэрэгслүүд боловсролын салбарт хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгааг судалж, дараагийн шатны тоног төхөөрөмжүүдээ хаана, хэчнээнийг нийлүүлэхээ шийднэ гэдгээ энэ үеэр хэллээ.
Ташрамд мэдээлэхэд, Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын “Номгон” сургуулийнхан Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны MNS ISO21001:2021 олон улсын шаардлагыг хангаж, стандартын гэрчилгээ гардан авсан төрийн өмчийн анхны сургуулиудын нэг болсноо Боловсролын ерөнхий газарт танилцууллаа. Тус сургуулийн захирал Л.Сарангэрэл “Өнгөрсөн есдүгээр сард чанарын баг байгуулж, гарын авлага боловсруулан, бодлого, зорилт, холбогдох журам, үйл явцыг тодорхойлон, багш, ажилтан бүрийн оролцоо, үүрэг хариуцлагыг дэмжих баримт бичигтэй болсон. Үүний үр дүнд боловсролын чанарыг тасралтгүй сайжруулан, суралцагч бүрийн хөгжил, амжилтыг дэмжин ажиллаж байна” гэсэн юм.
М.Гэгээ